Бид хаашаа явна вэ?

12/12/2008 chardonnaygal 3 Comments


-->
Бид хаашаа явна вэ?
“Бид хаашаа ч яваагүй, үлгэрт гардаг хан хүүгээ хүлээсээр сууна.”


Хийх юмаа аль хэдийнээ хийгээд дуусчихсан Европын орнуудыг дууриан, амралт бага байна гэж хашхирсаар долоо хоногт 2 өдөр амардаг болсон цаг саяхан мэт санагдана. Ид бүтээн байгуулалт явагдаж, хийх ажлаа барахгүй, хоногийн 24 цаг хүрэлцэхгүй байх ёстой монгол оронд амралт, баяр ёслолын өдрүүд дэндүү гэмээр их байдаг. Гадаад орноос үлгэрлэн дууриалаа гэхэд нөхцөл байдлын хувьд тохирох үгүйг нь сайтар судлах хэрэгтэй баймаар. Тэгэхгүй бол удахгүй л Швейцар, Унгарчууд үдээс хойш ажилладаггүй юм байна лээ, бид ч гэсэн тэгнэ гэвэл одоо яах билээ. Монгол улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн системд шилжиж ардчилсан чөлөөт улсыг байгуулсан. Бусад орнуудтай харьцуулахад хөгжлийн зарим үе шатыг алгасан ахиц дэвшилтэй, хурдан хөгжиж байна гэж ярьдаг боловч ардчиллыг 18 жил хөгжүүлсэн орон шиг байж үнэхээр чадсангүй. Ардчиллын тулгуур үнэт зүйлсийнхээ хамгийн чухал нь болох шударга чөлөөт сонгуулиа ч ядаж олигтой зохион байгуулж чадахгүй л байна. Бид ардчиллын эрх эрх чөлөөтэй холбоотой ихэнх зүйлийг авч чадсан ч үүрэг хариуцлагатай холбоотой зүйлсийг огтхон ч аваагүй бололтой.
БНХАУ одоог хүртэл социалист системээ солиогүй ч гэсэн хөгжил дэвшилээрээ толгой цохисоор байна. Монголчууд Орос ах нараа даган зах зээл гэж хашхирч явахад хятадууд “голын усанд орохдоо чулуун дээр нь зөөлөн гишгэх хэрэгтэй” гэж хаширлаж явсны үр дүн л өнөөгийн Хятад орон. Тэгэхээр Монгол орон амарч амарч байгаад одоо нэг мөсөн гүйцэнэ гээд л гэнэт сэрэх үү? Нойрыг унтаж биш сэрж дийлдэг гэдэг. Их унтаад амарсан болдоггүй шиг, их амарсан ч ханана гэж байхгүй. Их унтдаг оюутан хичээлээс хоцорч, даалгавраа хийлгүй ирсээр, сүүлийн 7 хоногтоо ухаарна гээд л гүйгээд байдаг, их иддэг охидууд бүтэн жил таргалж байгаад шинэ жил болохоор л турна гээд оролдоод байдаг. Гэвч мэдээж хэрэг бусдыгаа гүйцэж чаддаггүй.

Бээжингийн зуны олимпоос энэ жил Монгол улс анх удаа алтан медал авлаа. Харин орой нь төрийн 3 өндөрлөг халамцуу гарч ирээд орилж хашхиран ард түмэнтэйгээ хамт бахдалтай нь аргагүй баяраа тэмдэглэлээ. Хамгийн хачирхалтай нь ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн хэлснээр бол одоо л төв азийн цээжинд орших “хоёр сая долоон зуун мянган Чингис буюу монгол” сэрж байгаа юм байх. Юуг хүлээгээд яагаад унтаад байсан нь гайхалтай. Үлгэрт гардаг гүнж шиг хэн нэгэн баатар аврахыг хүлээгээд л суугаад байвал дэлхий ертөнц глобалчлагдаж хавтгай болж байгаа цагт Монгол Хятад руу уусахгүй гэх баталгаа алга.
Маргаашнаас эхлээд би онц сурна гэж хэлдэг оюутнуудыг тийм болсныг нь би мэдэхгүй шиг маргаашнаас эхлээд монгол орон хөгжих эсэхийг бас л хэлж чадахгүй. Газрын доод баялагаараа баяжсан улсыг ч би мэдэхгүй, харин цөөн хэдэн баячуудыг мэднэ. АНУ, БНХАУ газрын тосны ямар ч нөөцгүй болоод л Араб, ОПЕК-н орнуудаас газрын тос импортлоод байдаг гэвэл бас л үгүй. Нөөц гэдгийг байдгаар нь уудлаад дуусгачихаад одоо юу ч байхгүй гээд гуйлга гуйгаад суухгүйн тулд цагийг нь олж уудлах хэрэгтэй. Бүх зэсээ олборлож дуусаад Монгол хаачих вэ? Тэр цагт л оюун ухаанаа дайчилж эхлэх байх гэж надад хааяа санагддаг. Ямартай ч бидэнд эх орноо хөгжүүлэх асар их эрмэлзлэл байна, гэхдээ үүнийгээ заавал хоосорч үгүйрсэн хойноо хийж эхлэх ёстой гэж үү?

3 comments:

Kassidy said...

wats ur name?

Unknown said...

Монгол хөвгүүд,охидууд дүү нартаа сайн сургамж өгч ээ баярлалаа

Bayarlalaa Azgun ah :)