9 жил Монгол болон Японд тэтгэлэгтэйгээр суралцсан тэмдэглэл буюу миний сурах арга барил (Дүү нартаа зориулав)

10/20/2015 chardonnaygal 12 Comments

      5 жилийн өмнө зөөгчөөр ажилладаг байсан "Хилтон Осака" зочид буудлынхаа яг л тэр танхимуудадаа сүүлийн хагас жилд долоо хоног бүр шахам зочиноор очдог боллоо. Тэтгэлэг авдаг Ротари клубынхээ үйл ажиллагаанд оролцонгоо хоол идэхээр л очдог боловч 5 жилийн өмнө бол ингээд сууж байна гэж төсөөлөөчгүй байсан билээ.

      Одоогоор би Японы Осакагийн их сургуульд MBA-ээ авахаар суралцаж байна. Ингээд бодоод үзэхэд, 2006 онд анх КтМС-д шинэхэн оюутан болж орсноос хойш бараг 10 жил өнгөрчээ. Энэ 10аад жилийн хугацаанд 4 өөр сургуульд, 9 жилд нь засгийн газрын болон янз бүрийн байгууллагуудын сургалтын болон амьдрах зардлын тэтгэлэгтэйгээр суралцжээ. Хэрвээ сургалтын тэтгэлэг гэдэг зүйл байхгүй байсан бол, эсвэл би өсвөр насныхаа сүүлийн хэдэн жилийг энэ талаар мэдэхгүйгээр өнгөрөөсөн бол одоо хаана юу хийж байх байсан бол гэж заримдаа бодогддог юм.

      Үнэндээ бол Японд жилийн 12-17 сая төгрөгний төлбөртэй сургуульд сурах нь байтугай Монголын их сургуулиудын 600 мянган төгрөгний төлбөр ч маш их санагддаг байлаа. Тухайн үед Монголд оюутны тэтгэлэг олгодог байгууллага тийм ч олон байгаагүй үе. Голомт банкны тэтгэлэг, Хөх сүлд Соёл сангийн тэтгэлэг гээд миний мэдэхээр хэд гурван л байгууллага байдаг байлаа. Арван жилдээ онцгой сурлагатайд ордоггүй байсан болохоор анхандаа тэтгэлэгийн тухай огтхон ч судалдаггүй тоодоггүй байлаа. Гэхдээ сайн багш нарын мэдлэг мэдээллийн тусламжтайгаар 1-р курсдээ төрийн сангийн зээлээр, 2-р курсдээ Хөх сүлд Соёл сан болон КтМС-н захирлын нэрэмжит тэтгэлэгээр, 3-р курсдээ JCI Монгол байгууллагын оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр тус бүр суралцаж, 2009 онд Японы засгийн газрын тэтгэлэгээр Япон орныг зорьлоо. Ингээд Японы засгийн газраас 5 жил сургалтын төлбөр, амьдрах бүх зардалаа даалгалаа. Одоо боллоо, гэртээ харьядаа гэж бодож байсан боловч хувийн шалтгаанаар дахиад 2 жил магистрт суралцахаар боллоо. Яаруу шийдвэр гаргасан болохоор магистрын тэтгэлэгийн талаар эртхэн судлалгүй эхний жилдээ анх сургуульд ороход өгдөг мөнгө(admission fee) болох 5 сая төгрөг болон амьдрах зардлаа өөрөө төлөх хэрэгтэй болов. Энэ хүртэл Японд ирээд 5 жил болохдоо зочид буудал, хувцасны дэлгүүрт туслах ажилтан, их сургуульд багшийн туслах гээд 6-7 ажил хийж байсан туршлага байсан болохоор ажилд орох тийм ч  хэцүү байсангүй. Япон хэлний сургуулийнхаа Лаос найзынхаа танилцуулсан гоо сайхны барааны дэлгүүрт 7 хоногт 4 өдөр нь ажиллаж, 3 өдөрт нь хичээлээ шахаж авав. Дашрамд хэлэхэд дээрх бүх ажилуудад ихэвчлэн найз болон багш нараараа дамжуулж орж байсан юм байна. Өөрөө хайж олох боломжтой ч, цаг хугацаа шаардахаас гадна эхний үед цалин бага байх зэрэг талууд байдаг.

Японы боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан технологийн яамны вэбсайт

Ministry of Education, Culture, Sports, Science and Technology

http://www.mext.go.jp/a_menu/koutou/ryugaku/boshu/1318919.htm

ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


      Магистрын эхний жилдээ найз залуутайгаа хоёулаа амьдардаг байсан болохоор байрны түрээс, хоол унд гээд харьцангуй хэмнэлттэй боловч, Японд хот газар амьдрах өртөг маш өндөр байдаг болохоор заримдаа гэрээсээ тусламж авдаг байлаа. Ингээд эхний жилийг хоёулаа өнтэй давж, найз залуу маань төлбөрөөс чөлөөлөгдөж, сургуулиа амжилттай төгсөж, би ч сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж, 2 дахь жилдээ Ротаригаас судалгаа хийхдээ зориулж амьдрах зардлын тэтгэлэг авахаар боллоо. Энэ бүгд бол багш, сэнпай нар маань надад итгэж, тодорхойлж өгч, танилцуулж байсны ач билээ.

      Энд байдаг Монбушогийн оюутнуудтай харьцуулахад би үнэндээ 10-р ангиа төгстлөө Монбушо гэж юу болох талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Математикийн багшийн тарааж өгсөн 3 хуудас какомонгийн(өнгөрсөн жилийн шалтгалтын материал) буланд бичсэн байсан Японы боловсролын яамны вэб сайт руу орж анх мэдээлэл авч байлаа. (Линкийг дээр оруулсан болно.)Тэгээд яахав, 1-р курсдээ 10 орчим жилийн какомонг ажиллаж, сар гаран бэлдэж ороод сүүлийн шатан дээрээ унав. Дараагийн жил нь арай туршлагатай 3 сар өдөр болгон 7-10 орчим цаг сууж Англи хэлээ бэлдэв. Өмнө нь шалтгалтанд ороход Англи хэл нь хэцүү, математик нь боломжийн санагдсан болохоор өөртөө Enterprise 4(Intermediate Level) гэсэн ногоон ном худалдаж аваад, тэрийгээ ер нь бүгдийг нь цээжилтлээ хийсэндээ хэхэ Тухайн үедээ арван жилийн ганц нэг хүүхдүүдэд математикийн давтлага өгч олсон жоохон мөнгөөрөө авч байсан болохоор хэрэглэхгүй байхад хайран санагддаг байлаа. Одоо тэр ном хоцрогдсон үгүйг нь мэдэхгүй ч над шиг бие дааж суух дуртай хүнд тохирсон ном шиг санагддаг юм. Хичээл бүрийн эхэнд байдаг эссег нь ахин дахин  уншиж, шинэ үг гарвал дэвтэр дээрээ дугаарлаад, холбоо үг хэлбэрээр жагсаагаад бичээд байсан нэг мэдсэн 600 гарам шинэ үгийг хэрэглэж чаддаг болсон байсан маань ихэнх асуултанд хариулахуйц хэмжээнд үр дүнг өгсөн санагддаг юм.

Зураг1: Шинэ үгийг тэмдэглэж буй байдал

      Математикийн хувьд бол алдах гээд байдаг хэд хэдэн сэдвүүдээ олж мэдээд, тэр сэдвүүдийнхээ дотор бүх төрлийн бодлогуудыг бодох, математикийн үг хэллэгүүдийг Англи хэл дээр сурах тал дээр багахан хугацаанд бэлдэв. (Тухайн үеийн МУИС-н шар ном, ШУТИС-н цагаан ном гээд 3,4 ном ажилласан санагдаж байна)
 Ингээд 2008 оны 5 сараас эхлэн Японы, Солонгосын, Туркийн, Хятадын, Өвөр Монголын гээд тэтгэлэгт шалгалтуудыг өгч 2т нь унаж, 3т нь тэнцэж, Японд ирэхээр болов. Анхандаа өөртөө ч итгэхгүй байсан болохоор гэрийнхэндээ ч хэлэхгүй хэд хоног бататгаж байж хэлж байж билээ.




      Суралцах хүсэл байвал хүн бүрт боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг эхнийхээ постоороо илэрхийлэхийг хүслээ. Ер нь бол би сайн сурдаггүй, суурь муутай, гэр бүл маань үнэтэй сургуульд сургах боломжгүй, олон дүүтэй завгүй учраас би чадахгүй гэсэн зүйл байхгүй шүү. Чиний одоогийн сурч буй сургууль, амьдралын байдал чинь ирээдүйд хэн болохыг чинь тодорхойлохгүй. Хэрвээ чи үнэхээрийн хангалттай хүсэх л юм бол өөрийн эрхгүй тэр зүйл чинь чиний зорилго болон тогтож, өдөр тутамдаа тэр зорилгодоо хүрч болох арга замыг хайж, хүмүүстэй танилцаж, асуулт асууж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж байгаа шүү гэдгийг л хэлмээр санагдлаа.

      Хэрвээ чи одоо дунд, ахлах ангийн сурагч бол чамд маш их боломж байна аа. Хаана ямар сургуульд сурмаар байгаа талаараа орчин үед интернэтээр ч болов ах эгч, таньдаг хүмүүс, тэд нарын таньдаг хүмүүсээс асууж, аль болох эртнээс англи хэл, математик гэх мэт хичээлүүддээ анхаарлаа хандуулаарай.(нийгмийн чиглэл бол) Гол нь их суухдаа биш, зөв суух арга барилыг сурах нь чухал шүү. Багштайгаар сурахад үр дүнтэй байвал давтлаганд сууж, давтлаганд суух боломжгүй эсвэл бие дааж суух чадвартай бол бие дааж бэлдэх, өдрийн ямар цагаар анхаарал чинь төвлөрч, бүтээмжтэй байдагаа анзаарах гээд өөрийнхөө арга барилыг олж хэвшүүлээрэй. Хэрвээ чи ахлах ангиа төгсөж байгаа, эсвэл их сургуулийн оюутан бас дээрээс нь хэлний тал дээр итгэлгүй байгаа бол заавал бакалавртаа гадагшаа сурах гээд байх шаардлагагүй. Их сургуулийн 2,3-р курсээсээ гадагшаа сургуульд явснаар суурь мэдлэгтэй болж, тодорхой хэмжээнд оюутан болж төлөвшсөний дараа явж байгаа гэдэг сайн тал байгаа боловч, хэлний сургуульд 1 жил суралцах, дахиад 1-р курсын оюутан болж 1,2 жил үзсэн юмаа ахин дахин үзэж хугацаа алдах сөрөг тал ч бий.

      Миний хувьд ч гэсэн 3-р курсд орсон жилээ Японд ирсэн болохоор жил адсан боловч тэрэндээ нэг их харамсаад байдаггүй. Суурь сайтай ирсэн маань эхний жилүүдэд их тус болсон юм шиг санагддаг. Нөгөө сонголт нь Монголдоо их сургуулиа төгсөөд, улсын болон бусад байгууллагуудад ажиллангаа гадаад хэлний мэдлэгээ сайжруулж гадагшаа явах боломж маш их байна. Европ руу явах бол IELTS-н оноо болон суралцах зорилгоо тодорхойлсон эссе, чамайг сайн мэддэг 2 хүний тодорхойлолт гэх мэт шалгуурууд байдаг. Хэрвээ чи уул уурхай, гёологи, хүнсний технологи, байгалийн ухаан гээд монголд бол ховор мэргэжлүүдээр сурдаг бол их сургуулийнхаа багш нараар дамжуулан тэтгэлэгтэйгээр гадагшаа сурах боломж ч байдаг. Хамгийн гол нь өөрөө сайн асууж, судалж, хүмүүстэй танилцах хэрэгтэй.

      Осакагийн Их Сургуульд би олон орны оюутнууд, судлаачидтай хамт сурч байна. Магистрийн хичээлүүд голдуу багш төвтэй биш, оюутан төвтэй явагддаг учраас оюутан бүрийн мэдлэг, туршлага харилцан адилгүй, бие биенээсээ суралцах боломж ихтэй байдаг. Зарим магистрын оюутнуудын хувьд шууд их сургуулиа төгсөөд орж ирсэн байхад, зарим нь олон жил ажиллаж байгаад ирсэн, эсвэл өмнө нь өөр чиглэлээр магистр хамгаалж байсан гээд янз бүрийн хүмүүс байдаг. Докторын оюутнуудтай бас хамт сурах боломж байдаг нь тэдний судалгааны арга барилаас суралцах боломжийг олгодог. Сурах арга барилын хувьд жишээлбэл Хятад оюутнууд сургууль болон номын санд маш их цагаар сууж хичээл хийдэг. Солонгос оюутнууд голдуу хүмүүсээс зайдуу газар, гэртээ сайн суудаг. Миний таньдаг зарим Япон оюутнууд ер нь бол байнга л юм уншиж, үзэж байдаг. Галт тэргэнд сууж байхдаа ном, сэтгүүл уншиж эсвэл мэргэжилтэйгээ холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг уншиж байгаа харагддаг. Ер нь Япон хүмүүс ямар нэгэн юмыг зорьж хийхдээ халтуурдана гэдэг ойлголт байдаггүй юм шиг байдаг. Ажиллахын тулд, үр дүн гаргахын тулд төрсөн хүмүүс мэт санагддаг учраас тэдний хажууд заримдаа өөрийгөө голох тохиолдол байдаг. Миний хувьд бол хамгийн гол нь хамт хичээл хийх найзтай байх их чухал байдаг. Тийм найзтай бол хэд л бол хэдэн цаг суугаад, ярилцангаа юмаа хийгээд байж чаддаг. Бас нэг онцлог маань бие даах чадвар юм шиг санагддаг. Ер нь бол зөв номоо л олоод авчихад багшийгаа хүлээгээд байлгүй хийгээд явсан нь илүү үр дүнтэй санагддаг.

      Дараагийн чухал зүйл нь хувийн зохион байгуулалт юм.
      Өдөр бүр өглөө сэрэхдээ юу хийхээ мэдэж, тэр зүйлүүдээ заавал хийж байх нь миний өөртөө тавьдаг шаардлага учраас сүүлийн 10 жилд тэмдэглэлийн дэвтэр хөтөлсөөр байна. Эхний үед одоогийнх шиг гоё дэвтэрнүүд байгаагүй болохоор зүгээр шугамгүй дэвтэр дээр хийх юмаа жагсааж бичээд, орой унтахаасаа өмнө шалгаад унтдаг байлаа. Ер нь 10аад жил хэвшүүлсэн зүйл болохоор одоо ч гэсэн төлөвлөсөн зүйлээ хийгээгүй үед оройд нойр хүрдэггүй болоод байгаа. Гэхдээ янз бүрийн шалтгаанаар яалт ч үгүй амжихгүй үе байдаг л даа. Өдөр өдрөөр төлөвлөхөөс гадна, урт хугацаанд улирлаар, жилээр бас зорилтуудаа бичиж тэмдэглээд явах нь тэдгээр зорилтуудаа байнга санаж, хүрэхэд тус дэм болдог мэт санагддаг юм. Тэмдэглэлийн дэвтэр хөтөлнө гэдэг эрэгтэй хүмүүсийн хувьд хэвшүүлэхэд хэцүү байж магадгүй ч, ялангуяа охидууд маань хэрэглэж хэвшвэл маш үр дүнтэй шүү гэж хэлмээр байна.

Зураг2: 2005 оноос хойш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрүүд

Зураг3: Урт хугацааны болон улирлын зорилтоо цаасан дээр буулгасан байдал



Зураг4: Ямар ч төрлийн ярилцлагын шалгалтанд бэлдэхэд би заавал асуугдаж болох бүх боломжит асуултуудыг жагсааж бичдэг. Гэхдээ яг өмнөх өдөр нь биш эртнээс бэлдэж тэдгээр асуултууддаа хаанаас нь ч асуусан хариулж чадахаар бэлдэж чадвал ярилцлаганд ороод сандрах асуудал гардаггүй юм шиг санагддаг. Монбушогийн ярилцлагын бэлтгэл, 2008 он



Зураг5: Ротаригийн тэтгэлгийн ярилцлагын бэлтгэл, 2014 он


Зураг6: Өдөр тутмын хийх зүйлсээ төлөвлөсөн байдал. 
Хамгийн гол нь хийсэн эсэхээ заавал шалгах шүү! Завгүй өдрүүдийн schedule энэ жижигхэн дөрвөлжинд багтахгүй байвал нэмэлт цаас наадаг ч юм уу, онгорхой өөр хэсэгт тодруулан бичсэн ч болно. 




Favorite quotes 

      Ингээд хамгийн сүүлд нь өөрийнхөө мөрдлөг болгодог ишлэлүүдээсээ орууллаа. Та нарт ч гэсэн тус болно гэж найдаж байна. Энэ пост маань хэн нэгэн хүнд нөлөөлж чадвал миний зорилго биелж байгаа нь тэр. Би хэдийгээр амжилтанд хүрсэн мундаг нэгэн биш ч өөрийнхөө мэдлэг туршлагаасаа  мартахаасаа өмнө хуваалцья гэж бодож энэ постыг бичлээ. Асууж тодруулах зүйл байвал коммент үлдээгээрэй.

Shoot for the moon

Even if you miss,

You'll land among the stars.



If you don't ask, you will never get what you want.





Муска, Осака хот

12 comments:

Unknown said...

Ooo yostoi goyo post bn ih uram avlaa, odort 10 tsag suuna gedeg arai l bolomjgui bnaa. Bi odort 5 tsag l deed tal ni suuj chadhiin, teernees deesh bolhoor buur tolgoi ajillahaa baichhiin ter uyed yaj sergelt avaad bn.

Unknown said...

Ooo yostoi goyo post bn ih uram avlaa, odort 10 tsag suuna gedeg arai l bolomjgui bnaa. Bi odort 5 tsag l deed tal ni suuj chadhiin, teernees deesh bolhoor buur tolgoi ajillahaa baichhiin ter uyed yaj sergelt avaad bn.

Hicheeliin bas ajiliin hajuugaar olon tsagaar suuh demii baij magadgui. Minii huvid 2r kursiin suuliin uliral baisan uchraas haritsangui achaalal bagatai baisan. 3 odor ni oglooguur hicheelee shahaj songood udeesh hoish ni suugaad, uldsen 4 odort ni nileen sain suudag baisan. Er ni bol barag ogloo bosool shuud shireeruu yvdag bolchihson baisan baih hehe Zailshgui um hiih heregtei ued ydraad baival usand orood joohon zavsarlaga avangaa youtube r ch umuu durtai humuusiinhee vlog iig uzdeg(ihevchlen 15min orchim). Ug ni jaahan nap hiimer bdag ch gesen neg untchihval buur nam untah geed baidag zantai.

Yukisabella said...

Ярилцлаганд ер нь ямар асуултууд ихэвчлэн ирдэг. Яг ямар зүйл биднээс хүсдэг. Яавал сэтгэлийг нь татаж болох талаар зөвлөгөө өгөөч.

Хамгийн гол нь суралцах хүсэл чинь хэр байгаа вэ гэдгийг хардаг юм шиг санагддаг. Ерөнхийдөө бол ямархүү хүн бэ, хэр тууштай суралцаж чадах вэ зэрэг ерөнхий дүгнэлтийг л хийдэг болов уу. Монбушогийн ярилцлага бол дээр зурган дээр байгаа асуултууд дундаас л асууж байсан. Ер нь бол япончууд хүнийг анх орж ирээд суухад нь л дүгнэчихсэн байдаг учраас, хувцаслалтандаа, хаалга тогшиж орохдоо, мэндлэхдээ, инээмсэглэхдээ, сууж байгаа байдалдаа ч анхаарах ёстой байдаг. Бас нэг зүйл нь тэд маш олон хүнээс ярилцлага авч байгаа учраас ядарч бас залхсан байдалтай байх нь бий. Тийм үед өөрөө байдлыг гартаа авч хүссэн асуултыг чинь асуухгүй аар саархан зүйл асуугаад байвал яриаг нь эвтэйхэн эргүүлэх талаар ч бэлтгэл хийж болно. Бас аль болох асуултанд бүтэн тайлбартай хариулах хэрэгтэй. Та яагаад японд сурахыг хүсч байна гэсэн асуултанд жишээлбэл надад 2 том шалтгаан бий. 1т, 2т тийм гэх мэтчилэн зохион байгуулалттай бүрэн хариулт өгвөл зүгээр. Өөрийнхөө бодит туршлага, тохиолдсон зүйлээсээ юу сурсан гэх мэт originality байвал бас их сонирхол татдаг.

Unknown said...

Сайн байна уу? Ийм гоё зөвлөгөөнүүд өгч байгаа танд баярлалаа. Би япон хэлний N2 шалгалтанд бэлдэж байгаа юм. Та ханз үсгийг яаж сурч байсан бэ? Миний гол санаа зовж байгаа зүйл маань ханз үсэг болоод байна. Өдөр болгон давтаад хичээгээд байдаг хэрэглэхгүй болохоор сайн тогтоож чаддаггүй ээ. Юунаас эхэлж, ямар арга барилаар сурвал үр дүн гаргах талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөхийг хүсэж байна.

Сайн байна уу? Ханз сурахад хүн хүний арга барил адилгүй байдаг юм байна лээ. Ихэнхи хүмүүс шинэ ханзыг сурахдаа маш олон давтаж бичиж байж гартаа оруулж цээжилдэг юм байна лээ. Ер нь бол зөв арга боловч хараа муутгах гээд байдаг талтай. Бичиж цээжилдэг бол нүдээ цаг тутамд амрааж байх хэрэгтэй. Миний хувьд анх N2т бэлдэж байхдаа цаг давчуу байсан учраас ханзыг бичиж цээжилдэггүй байсан. N2ийн уншлагын номны артиклуудыг уншаад мэдэхгүй ханз гарч ирвэл тэмдэглэж аваад цаашаа олныг уншаад яваад байхаар нөгөө ханзнууд маань зарим нь давтагдаад гарч ирээд байдаг. Тэр үед нь санахгүй бол дахиж тольноос хараад, ямар өгүүлбэрт хэрэглэгдэж байгаагаар нь дотроо цээжлээд яваад байдаг. Цаасан дээр бичихээс илүү энд тэнд явж байхдаа толгой дотроо бичиж шалгадаг байсан. Тэгж явж байгаад уншлагуудаа бүүр эхний хичээлээс нь дахиж давтаж уншдаг. Жишээлбэл эхний 2 7 хоногт сурсан зүйлүүдээ шалгахын тулд эхний артиклээс эхлээд бүгдийг нь дахиж уншаад цээжилсэн эсэхээ шалгана. Сарын дараа мөн эхнээс нь бүгдийг нь гүйлгэж уншина. 2 сарын дараа бас адилхан. Уншлагын хэсэг хамгийн хэцүү хэсэг нь байдаг учраас аль болох их юм уншиж дасаж байж л сайн оноо авах байх. Ханзыг дан үгээр нь цээжилснээс илүү өгүүлбэрт яаж хэрэглэгдэж байгаагаар нь цээжилвэл уншлага дээр оноо чинь сайжирна гэж бодож байна. Тэгээд бас нэг нэмэх юм нь 1 ханзыг сурахдаа тэр ханз орсон 6,7 үг бүрийг цээжлэх гээд улайрах хэрэггүй юм шиг санагдсан. Маш их цаг орохоос гадна ядраадаг учраас тухайн үгээ л цээжлээд он күн юми г нь давхар хараад яваад байхад болно. Ер нь бол нэг аятайхан уншлагын ном олж аваад л сайн уншаад байвал уншлага чинь, үгийн сан чинь, дүрэм чинь бүгд дагаад сайжирна шүү. Тэгээд туршиж үзэж байгаад өөрийнхөө арга барилыг хэвшүүлээрэй. Миний барьж хэрэглэсэн ном бол 日本語総まとめn2読解, 日本語総まとめn2語彙 гэсэн ном. Үгээ цээжлэнгээ аль болох их л уншаад байх хэрэгтэй шүү. Тэгэж чадвал унших хурд чинь сайжрахаас гадна, олон үгийг цээжлэх боломжтой. Харин шалтгалтаа дуусгаад завтай болохоороо уншаад мэддэг боловч бичиж чадахгүй байгаа ханзнуудаа бага зэрэг бичиж практис хийхэд гэмгүй байх. Амжилт!

Zoojoo said...

Муска гоё бичвэр болжээ мундаг бахархаж бна шүү. Ингээд бичээд бгаарай. Маш сонирхолтой санагдлаа би сн уншигч чинь бна аа. Хэрэгтэй зүйлүүд маш их бна,

Баярлалаа :) Үргэлжлүүлээд бичихийг хичээнэ ээ

Anonymous said...

Баярлалаа мэддэгээ хуваалцаж , чадсан туршлагаасаа сонирхуулж байгаад ������

Unknown said...

Их сайхан зүйл бичлээ баярлалаа.

Unknown said...

Баярлалаа маш их урам авлаа. :)