Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ? 1-р хэсэг

1/21/2016 chardonnaygal 2 Comments


 Хамгийн хийх дуртай зүйл чинь юу вэ? гэж Солонгос найзаасаа асуухад "Гэртээ хариад будгаа арилгах" гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Хэдэн жилийн өмнө Солонгост хэд хоногоор очиход хамгийн таалагдсан зүйлүүд бол метроны буудлуудын үнэгүй wifi болон гоо сайхны боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд байлаа. Солонгосчууд нүүрээ будахаас илүү, арьсаа эрүүл сайхан байлгахад анхаарлаа хандуулдаг нь эргэн тойрноос өөрийн эрхгүй анзаарагдаж байлаа. Япончууд ихэнхи нь сайхан арьстай байдаг ч хоолонд илүү ач холбогдол өгч, хоолны тухай их ярьдаг. Харин Солонгос охид хоолноос илүү гоо сайхны бүтээгдэхүүний тухай ярьдаг нь ажиглагдав.

Японд буцаж ирээд төд удалгүй косметикийн дэлгүүрт цагийн ажил хийж эхлэв. Анх орохдоо арьс арчилгааны талаар бараг мэдэхгүй байсан болохоор хамт ажилладаг охидынхоо үйлчлүүлэгчдэд зөвлөж байгаа зүйлүүдийг сонсож, бүтээгдэхүүнүүдийн тайлбарыг нь цээжилсээр өдрийг өнгөрүүлдэг байв. Арьс арчилгааны тухай блог, найзууд болон номнуудаас бага багаар суралцсаар төд удалгүй ямар ч гэсэн хүмүүсийн янз бүрийн асуултуудад хариулж болохуйц болов. 

Одоо бол арьсаа арчлах нь миний хувьд гар, шүдээ угаах гээд хийх ёстой л зүйлүүдийн нэг гэхээс илүү дуртай зүйлүүдийн маань нэг болоод байна. Ер нь хэрэглэгчдийг хараад байхад гоо сайхандаа илүү анхаарч, асуулт асууж байгаа хүмүүс илүү сайхан арьстай байгаа нь ажиглагддаг. Ялангуяа Монголд агаарын бохирдол, хүйтэн уур амьсгал, хуурайшил цөлжилтөөс болж илүү их арчилгаа шаардах нь гарцаагүй. Мэргэжлийн хүн биш болохоор яг ингэ, тэг гэж өөрөө зохиож хэлэхгүй ч, олон олон блоггерууд, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс уншаад хамгийн чухал санагдсан, заримынх нь хувьд аль хэдийнээ мэддэг мэдээжийн санагдаж болох зүйлүүдээс бичье. 

Нүүрээ цэвэрлэх (Давхар цэвэрлэгээ - оройд!)

Та нүүрээ их бага, ямар нэгэн хэмжээгээр буддаг л бол нүүрээ цэвэрлэхдээ илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй болохнээ. Ялангуяа оройд нүүр цэвэрлэгчээр цэвэрлэсэн  болоод л эсвэл ядраад будагтайгаа орондоо ороод, өөртөө ганц удаа л юм чинь гэж хэлдэг арьсны хүнд гэмт хэргийг хэзээ ч хийж болохгүй болохыг өөрийнхөө жишээн дээр ярья. 

 16-22 насны маш залуу арьс бол хааяадаа нүүрээ угаахгүй унтсан ч батга болон мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ хор уршиг нь хэдэн жилийн дараа, харамсаж баршгүйгээр илрэх болно шүү. Нүүрээ угаахгүй унтсанаар эсвэл дутуу цэвэрлэснээр таны арьсны шар үсний сүв мэдэгдэхүйцээр томорч, арьс тань байх ёстойгоосоо хурдан хөгширч эхэлдэг. Арьсан дээр байгаа гадны бохирдлыг сайн цэвэрлээгүйгээс болж арьсны эсүүд гэмтэж, арьс өөрийгөө нөхөн төлжүүлэх, шинэчлэгдэх чадвар нь багасдаг. Нэгэнт томорсон сүвийг буцааж жижиг болгоход маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Арьсны сүв томрох нь тослог болон хольмог арьстай хүмүүст их тохиолддог бөгөөд удаан хугацааны турш хангалтгүй чийгшүүлж, дутуу цэвэрлэж байсны үр дүн юм. 

 Миний хувьд сүүлийн 3 жил арьсандаа анхаарснаар нүхжилт болон батга гарах нь арай багасч, арьсны өнгө өмнөхөөсөө эрүүл, гэгээлэг болсон нь анзаарагдаж байна :) Гэхдээ эртнээс арчилж эхэлсэн бол гэж дандаа харамсдаг юм.

Тэгэхээр давхар цэвэрлэгээ гэж юу вэ?



2 comments: