"Nominication" Архины хэрэглээ болон төрлүүд

10/22/2015 chardonnaygal 4 Comments

        Японд анх ирэхэд 4 сар буюу сакура цэцгийн улирал болж байлаа. Орой бүр гудамжинд сакура модны доор суугаад пиво ууж байгаа хүмүүс, сүүлчийн галт тэргэн дэх хүмүүсийн халамцуу байдлыг хараад эхэндээ үнэхээр гайхдаг байлаа. Эмэгтэй багш нараас хүртэл зарим нь анх өөрийгөө танилцуулахдаа би уух дуртай гэж хэлэх багш цөөнгүй хэд байлаа. Энэ Япончууд чинь ямар аймар юм бэ гэж та бодож байж магадгүй. Япон хүмүүсийн онцлог болох даруухан зан болон "Татэмаэ" (өөрийнхөө жинхэнэ бодол, дотоод сэтгэлийг нуух) байдаг учраас ихэвчлэн шинэ хүмүүстэй анх танилцахдаа эсвэл ямар нэгэн том ажлын дараа, за ер нь ямар ч шалтгаангүй байсан ч "Номикай" буюу архи уунгаа уулзах, хөгжилдөх гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголт нь улмаар "Номиникэшн" гэх нэр томьёо ч үүсгэхэд хүргэсэн байна. "Ному" гэдэг нь японоор уух гэсэн үг бөгөөд англи хэлний "communication" харилцаа холбоо гэсэн үгтэй нийлээд "архи уунгаа бие биетэйгээ харилцан танилцаж, дотносох/сэтгэлээ уудлах" гэсэн утгаар хэрэглэгддэг болоод байна.

"Ёзакура" буюу шөнийн сакураг үзэнгээ найрлан сууж буй хүмүүс
        Япон эрчүүд ихэвчлэн пиво, шоочу(Japanese liquor, 25%~), нихоншү(sake, 15%~) гэх мэт цагаан архи, вискитэй харьцуулахад градус багатай архинуудаас сонгож хэрэглэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд мэнюн дээрх бүхий л төрлийн коктейлнүүдийг цээжээр мэдэхээс гадна, гэртээ хийж чаддаг байх нь ч цөөнгүй. Өөрийнхөө дуртай төрлийн архийг сонгож, тааруулж, цэвэрхэн хэрэглэж чаддаг ард түмэн гэж би хувьдаа тэднийг боддог юм. Хэдий их караокедэж, орой болтол явсан ч маргааш нь ажилдаа гарах гээд өглөөний 6,7 цагт бэлэн байж чаддаг нь миний бодлоор, тэдний хөдөлмөрч, хариуцлагатай байдлаас гадна архины талаар мэдлэгтэй байдагтай ч холбоотой болов уу гэж санагддаг юм.

      Хаа сайгүй байх "Конбини"(манайхаар бол сүүлийн үед оранж, май март) -уудад ч уух юмны сонголт маш өргөн байдаг. Ихэвчлэн 3-8 градустай коктейл болон пивонууд, виски, үмэшү, дарс гээд төрөл төрлөөрөө жагссан харагдана.
         
Гэрийн ойролцоох конбини дэлгүүр
      "Архи" гээд хэлэнгүүт л магадгүй таньд шууд л цагаан архи, пиво төсөөлөгдөж, архидан согтуурах гэх мэт таагүй үгс санаанд тань бууж байж болох. Эсвэл найз нөхөд, гэр бүл, танилуудтайгаа хөгжилтэй сайхан цагийг өнгөрөөхөд тусалдаг шидийн ундаа ч гэж бодож байж болох юм. Ямартай ч архи гэдэг зүйлийн хэмжээг нь тааруулж хэрэглэх нь бас нэг төрлийн соёл учраас архины төрлүүд болон хэрэглээний тухай товч танилцуулахаар бэлдлээ.  
      Японд зочид буудлын мэргэжлээр коллежид сурч байхдаа авсан "Food and beverage operation", "Food and beverage service" буюу хоол ундны үйл ажиллагаа болон үйлчилгээ хичээл дээр үзсэн зүйлсээсээ хуваалцъя гэж бодлоо. Англи хэлний мэдлэгтэй байхад хүссэн бүхнээ интернэтээс олж мэдэх боломжтой болсон цаг хэдий ч, Монгол хэл дээр хангалттай эх сурвалж байдаггүй учраас энэ постыг бичлээ.
      Ингээд архины төрлүүд болон тэдгээрийн онцлогийн талаар товчхон танилцуулъя. Хамгийн эхний танилцуулах төрөл бол ихэвчлэн коктейлны суурь болгон ашиглагддаг "Жин" юм.


1. Gin (47%~)

      Бидний хамгийн сайн мэдэх коктейлнүүдийн нэг бол "Жин Тоник" билээ. Тэгвэл "жин" нь ямар онцлогтой, юугаар хийсэн зүйл болохыг ярилцъя. Жин нь Франц хэлээр juniper буюу арц гэсэн утгатай үг юм.
      1660 онд Franciscus Sylvius хэмээх Голланд хүн "жин"- г халуун буулгах эмчилгээний зориулалтаар, juniper berry(арц), эмийн ургамлууд, улаан буудайг нэрж хийсэн архийг худалдаалж эхэлснээр анх хүмүүст танигджээ. Түүнээс хойш Англид өргөн дэлгэрч, аж үйлдвэржилтийн эрин үед "жин"-г хийх шинэ шинэ технологиуд нэмэгдсээр хамгийн цэвэр гэгдэх Dry Gin (хуурай жин)-ийг нээн илрүүлжээ. Үүнээс хойш Dry Gin нь Америкт дэлгэрч, олон олон коктейлны суурь болон хэрэглэгдсээр дэлхий даяар алдаршжээ.

Juniper berry

Жиний төрөл

      Жинийг ерөнхийд нь Голланд төрлийн жин(амтлаг) болон Лондон төрлийн жин(илүү цэвэр буюу хуурай) гэж 2 ангилдаг. Коктейлэнд ихэвчлэн хуурай жинийг ашигладаг бөгөөд, Голланд төрлийн жинийг бол хүйтнээр бас дангаар нь уухад илүү зохимжтой байдаг байна.

Хуурай жинийн томоохон төлөөллүүд бол "Tanqueray"(47%) болон "Beefeater"(47%) нар юм.


Дундаж болон зөөлөн жин

Хуурай жин боловч арцны үнэр болон амт нь мэдрэгдэх medium(дундаж) төрлөөс гадна арц, эмийн ургамлуудын амттай  mild (зөөлөн) төрлийн жин бас байдаг байна.



Gin суурьтай коктейл

Martini - Коктейлний хаан гэж нэрлэгддэг Мартиниг хийхэд хуурай жин(60ml), вермут 1 цайны халбага (flavoured wine 1tsp.) болон олив/лемон ордог байна. Харин коктейлний хатан хаан гэгддэг Маргаритаг бол текилагаар хийдэг.(Tекила хэсэгт нэмэгдэн орох болно) 



Gin&tonic - Харин жин тоник бол яг л нэрнийхээ дагуу хуурай жин(45ml), тоник, зүсэм лайм гэсэн орцноос бүрддэг.


2. Vodka

      Монголчууд бидний хамгийн сайн мэдэх Водка нь Орос хэлний "жизненная вода" буюу "амьдралын ус" гэсэн үгнээс гаралтай бөгөөд вода нь улмаар водка гэж нэрлэгдэх болжээ. Эрдэнэ шиш гэх мэт ногооны хэрэглээ Орос оронд нэмэгдэхийн хэрээр Водкаг хийх янз бүрийн аргууд бий болсоор байв. Оросын хувьсгалын үеэр "Смирноф" компаний захирал Владимир Смирнов Европ руу цагаачилснаар яваандаа Smirnoff европд алдартай болж, улмаар Америк болон дэлхий дахинд алдаршжээ. Смирноф компани нь одоогийн Английн компани Diageo-н эзэмшил юм байна.

Водканы төрөл

Ерөнхийд нь водкаг:
1. Өнгөгүй тунгалаг Regular(энгийн)
2. Жимс болон эмийн ургамлын үнэртэй Flavoured(амтлаг)гэж 2 ангилдаг.

Үүнээс гадна үйлдвэрлэсэн орноор нь :
1. Буудайг нэрж хийдэг Орос, 
2. Эрдэнэ шишээр хийдэг Америк, 
3. Хөх тариагаар хийдэг Польш, 
4. Арвайг ашигладаг Финланд водка гэж ангилж болно.

Коктейлэнд ихэвчлэн энгийн буюу регулар төрөл хэрэглэгддэг боловч амтлаг төрлийн водкагаар илүү зөөлөн амттай коктейл хийх боломжтой.

Хуурай водка

Градус өндөртэй, чанга төрлийн водкаг коктейлэнд ашигласан тохиолдолд хуурай, чанга талдаа болно. Гол төлөөлөгчид: Smirnoff blue(50 градус, буудайг нэрж хийсэн, 1815 онд Орос улсад үүссэн), Wilkinson(50 градус, эрдэнэ шиш болон арвай), Skyy(40 градус, 4 удаа нэрж, 3 удаа шүүж хийдэг онцлогтой)

Дундаж

Стандарт коктейлэнд ихэвчлэн medium төрөл нь хэрэглэгддэг бөгөөд ойролцоогоор 40 градус орчим байдаг. Гол төлөөлөгчид нь бол Absolut vodka(40 градус, зөөлөн амттай, Швед) болон Smirnoff red(40 градус) юм.

Зөөлөн

Чихэр өвс болон жимсний амттай водканууд энэ төрөлд багтана.
Zubrowka(40 градус, Zubrowka өвс, Польш), Absolut kurant(40 градус, Кашис буюу үхрийн нүд жимсний исгэлэн амттай), Skyy citrus(5 төрлийн чихэрлэг өвснөөс гаргаж авсан цитрусны сэргээх үнэртэй) гэх мэт

Водка суурьтай коктейл

Salty Dog Шилэн аяганыхаа ирмэгийг лемон эсвэл лаймаар чийглээд давсанд дүрэхэд ирмэг дээр нь давс яг л цас шиг харагддаг гоёмсог коктейлнүүдийн нэг гэж би хувьдаа боддог юм. Водка болон грэпфрүт жүүс гэсэн амархан орцтой боловч хүн бүрт таалагдах амт эсэх нь эргэлзээтэй. Адилхан техникээр элсэн чихэрээр хийдэг коктейл ч бас олон байдаг билээ.
т
Salty Dog

Bloody mary нь архи, улаан лоольны жүүс, табаско гэх мэт спайсуудаар хийдэг өвөрмөц коктейл боловч томатны жүүсэнд дургүй учраас амьдралдаа нэг ч удаа ууж үзээгүй коктейлнүүдийн маань нэг юм.
Bloody mary
Screwdriver болон Moscow Mule нь хийхэд амархан бөгөөд, алкохол өндөртэй коктейлнүүдийн нэг бөгөөд ялангуяа охидууд маань Screwdriver аар дайлуулахдаа болгоомжтой байх хэрэгтэй шүү. ^* Учир нь Screwdriver нь оранжны чихэрлэг амттай учраас уухад зөөлөн бас амархан согтоох талтай. Moscow Mule-н хувьд бол водка, ginger ale, lime жүүс гэсэн 3 орцтой, Screwdriver-н хувьд водка, оранж жүүс гэсэн 2 хон орцтой учраас хийхэд маш хялбар.
Коллежид сурсан олон арван коктейлноос цээжээр мэддэг хэдхэн коктейлнуудын нэг юм.
Moscow Mule
Screwdriver
 

3. Wine

      Дэлхийн хамгийн эртнийх хэмээн нэрлэгддэг дарс нь жин болон водка гэх мэт нэрж хийдэг төрөлтэй адилгүй, удаан хугацаанд дардаг, онцлог үнэр амттай учраас коктейлэнд хэрэглэхэд амаргүй төрөл юм.

      Дарсны үүсэл гарлыг яг тодорхой хэлэх боломжгүй ч, бүх төрлийн архины дотор хамгийн эртнээс буюу МЭӨ 8000 оны үеэс үүссэн байх боломжтой гэж үздэг байна. Эртний Ромын гүрэнт улсын үед дарсыг үйлдвэрлэх технологиуд бий болж, дарсны амт чанар эрс сайжирсан байна. Христийн шашин үүсэх үед Христийн цус гэж ойлгодог байсан дарс нь христийн шашин дэлгэрэхтэй хамт Европд маш хурдацтайгаар тархсан байна. Түүнээс хойш Өмнөд Америкаас эхлээд дэлхийн бусад олон оронд тархжээ.
Есүс дарс хийж байгаа зураг
      
Дарсыг улаан, цагаан, ягаан(red, white, rose) гэх мэт өнгөөр нь ялгахаас гадна, коктейлэнд хэрхэн хэрэглэгддэгээс нь шалтгаалж 4 ангилдаг байна. 

1. Улаан, цагаан, ягаан зэрэг жирийн аргаар хийсэн, газгүй "Still wine"

Чимээгүй гэсэн утгатай.

2. Францын Champagne,
    Италийн Spumante,
    Испаний Cava,
    Германы Sekt гэх мэт оргилуун дарс буюу "Sparkling wine".


  • Дашрамд хэлэхэд зөвхөн Францын Champagne хотод хийгдсэн sparkling wine буюу дарсыг л "Champagne" гэж нэрлэдэг байна. Өөр хотод эсвэл улсад хийгдсэн атлаа ийм нэртэй байвал оригинал биш байна аа гэж ойлгож болох юм. 


3. Дарсны алкохол болон чихэрлэгийн хэмжээг бага зэрэг нэмсэн "Fortified wine".

Испаний Sherry,
Португалийн Port, Madeira, 
Италийн Marsala гэх мэт дарснуудыг дурдаж болно.

4. Ургамлын үнэртэй "Flavoured wine".

Үүнд Vermouth болон Францын Sangria, Dubonnet зэргийг дурдаж болно.

Still wine

Гадуур түгээмэл зарагддаг стил дарсны нэг бол Franzia улаан дарс билээ. (12,5%, Америк)


Fortified wine

Welsh brothers Madeira

Flavoured wine

Martini Bianco, Cinzano, Nilly Prat гэх мэт
    


Wine base cocktails

Kir, Mimosa гэх мэт дарсан суурьтай коктейлнүүд байдаг ч дарсыг дангаар нь уухад илүү гоё амттай санагддаг учраас энэ удаад дэлгэрэнгүй тайлбар хийсэнгүй.


Дарсны тухай бичээд байвал дуусашгүй их тул энд хүрээд өндөрлөе. Дарсыг хийдэг усан үзмийн төрлүүд, хийдэг аргууд, сайн дарсыг хэрхэн таних вэ, дарсны шилэн дээрх шошгыг хэрхэн зөв унших вэ гэх мэт нэмэлт зүйлүүдийг дараагийн удаа оруулах болно.

Дараагийн удаа доорх төрлүүдийг дэлгэрэнгүй танилцуулах болноо. 


4. Rum

5. Tequila

      Тэкилагийн үүсэл гарал маш сонирхолтой түүхийг өгүүлдэг. Дээр үед Мексикийн Guadalajara мужийн ойд түймэр гарч, Agave төрлийн ургамлуудын нэг болох maguey хэмээх ургамлын түлэгдсэн хэсгээс чихэрлэг үнэр ханхалж, шоколад мэт шингэн зүйл урсаж байсан байна. Тэр шингэн зүйлийг амсаж үзэхэд чихэрлэг амттай байсан учир түүнийг исгэж архи хийж эхэлжээ. 16-р зуунд Мексикийг колоничилж байсан Испаничууд архийг нэрэх төхөөрөмжийг оруулж ирсэн бөгөөд дээрх магей хэмээх ургамлын шүүсийг нэрснээр текила анх үүсэж байжээ. Текилаг анх Mezcal хэмээн нэрлэж байсан боловч, Текила тосгоны магейгаар хийсэн Mezcal нь илүү сайхан үнэртэй байсан тул түүнээс хойш текила хэмээн дуудах болжээ.

Agave
Тэкилаг коктейлэнд лемон, лайм гэх мэт цитрусын төрлийн жимснүүдтэй хослуулан хэрэглэхэд сайхан зохицдог.

6. Whisky

7. Brandy

8. Liqueur

9. Beer Nihon-shu Shochu


Миний хийж байсан царай муутай коктейлнууд

Ямар коктейл хийж байснаа тодорхой санадаггүйээ
Grasshopper

Хэрвээ та пивонд дуртай бол гарын доорхи материалиар амархан хийж болох бас нэгэн коктейл бол  английн Shandygaff Шандикаф юм. Пивон дээр жинжэр пиво(gingerale) нэмж эсвэл оранж болон алимны жүүс, лемонэйд алийг нь ч нэмэх боломжтой. 2 орцноосоо яг адил хэмжээтэй хийгээд уухад л хангалттай гоё болно. 


Ашигласан материал


  1. うまいカクテルの方程式
  2. Cocktail Perfect Book




4 comments:

Unknown said...

Дараагийн хэсэг нь хэзээ нийтлэгдэх вэ их хэрэгтэй мэдээлэл байна. :) GJ

Дараа 7 хоногийн сүүлээр оруулахыг бодноо. Баярлалаа :)

Unknown said...

Үргэлжлэл нь хэзээ бичигдэх вэ маш их хэрэгтэй мэдээлэл байна

Unknown said...

urgeljlel ni orson yum bolowuu