Шинэ ээж / 1-р сэдэв: Жирэмсэн болсноо дөнгөж мэдсэн танд зориулав

12/05/2017 chardonnaygal 7 Comments



Сүүлийн 1 жил блогтоо бараг нийтлэл оруулаагүй учраас блогоор минь хааяа зочилдог уншигчдаасаа уучлалт хүсье.

Энэ нийтлэлийг жирэмсэн болохоор төлөвлөж байгаа болон жирэмсэн болсноо дөнгөж мэдсэн шинэхэн ээжүүддээ зориулъя. 

Юуны өмнө танд баярыг хүргэеээ. Хорвоод мэдэрч болох хамгийн их аз жаргалыг та удахгүй мэдрэхнээ :) Тийм учраас та түүнийгээ гэдсэнд байгаа үеэс нь хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгаарай.

Миний хувьд жирэмсэн болсноо мэдсэн маань 10-р сарын сүүл үе байсан тул 11-2-р сарын хооронд өглөө оройдоо ажил руугаа явахдаа утааны шүлтүүртэй маск зүүж байсан. Та маск зүүдэггүй бол одоо хүүхдээ бодоод зүүх цаг болжээ. Маскаа зүүгээд буцаагаад уутанд нь хийж хадгалвал 2 долоо хоног хүртэл зүүгээд байж болох юм байна лээ шүү.

Охин маань удахгүй 6 сар хүрнэ. Анхны хүүхэд болохоор мэдэхгүй юм ч их, төрснөөс хойш 3-4 сар бараг л зав гардаггүй, гарвал хүүхэд арчилгааны талаар янз бүрийн мэдээлэл уншиж өнгөрөөдөг байлаа. Харин 5 сартайгаасаа хойш арай өөр болдог юм байна. Цаашид төрсний дараах үе болон хүүхэд арчилгааны талаар нийтлэлээ үргэлжлүүлэх бодолтой байна.


1 За хамгийн эхний хийх зүйл бол жирэмсний хяналтанд орох 

Ингэхийн тулд та эхлээд харьяаллын өрхийн эмнэлэг дээрээ бүртгүүлж "Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч" болон "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ээ нээлгэнэ. Өрхийн эмч танд ЭХО-д харуулсан бичгээ аваад ир гэж магадгүй тул юу ч гэсэн аваад очоорой. Хэрвээ та жирэмсний 6 долоо хоног хүрсэн бол таны хүүхдийн зүрхний цохилт ЭХО-оор харахад сонсогдож магадгүй тул нөхөр болон дотны хүнтэйгээ хамт энэ мөчийг хуваалцаарай.

Өрхийн эмч дэвтэр нээж өгөөд танд дүүргийн эмнэлэгт шинжилгээнд орох цаг бичиж өгнө. Цаг бичиж өгсөн гээд тайван очиж болохгүй. Бүх хүмүүст л 9 цагт цаг бичиж өгдөг юм байна гэж ойлгосон. (Миний харьяалал Хан-Уул дүүрэг учраас бусад дүүрэг бага зэрэг өөр байж болох юм) Цаг бичсэн шинжилгээний цаасаа бариад харьяа дүүргийнхээ эмнэлэг дээр өглөө 8:00-8:30 цагийн хооронд оочирлоод сууж байх хэрэгтэй юм байна лээ. Нэг өдөрт бараг амжихгүй ч байж магадгүй. Шинжилгээ нь 9:30 гээд дуусдаг тул тэрнээс хойш очвол дэмий ажлын гарз болно. Мазокын шинжилгээ бас өгдөг тул юбка авч очоорой. Бас цусны шинжилгээ өгөх учраас өглөө юм идээгүй очихоо мартуузай. Шээсний шинжилгээг дүүрэг дээр өгөхөөр бичсэн байвал цэвэрхэн шилэнд хийгээд дээр нь овог нэрээ бичээд аваад яваарай. Андуурагдах тохиолдол мэр сэр байдаг юм байна лээ шүү. Дүүргийн эмнэлгээр явахдаа "Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч" дэвтрээ байнга авч яваарай. Харин "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ээ төрөхөөр эмнэлэг явахдаа авч яваарай. Таны хүүхдийн төрсөн тухай мэдээлэл болон анхны вакцины мэдээллийг эмч, сувилагч нь бөглөх шаардлагатай. Энэ ягаан дэвтрээ жирэмсэн байх хугацаандаа болон төрсний дараа байнга уншиж байгаарай. Хамгийн хэрэгтэй мэдээллээр дүүрэн байгаа.

Шинжилгээний хариунууд үдээс хойшдоо гарч байсан тул хариунуудаа авсны дараа эмч нар дээрээ орж үзүүлнэ. Хэрвээ таныг дүүргийн эмчийн хяналтанд байх шаардлагатай гэж үзвэл та цаашид дүүрэг дээрээ л үзүүлээд явна. Харин дэвтрийг тань хурааж аваад 20 долоо хоногтой болохоороо өрхийн эмнэлэг дээрээ очоорой гэвэл та өрхийн эмнэлгийн хяналтанд орсон гэж ойлгож болно. Тэр хүртэл янз бүрийн зовиур гараагүй бол өрх дээрээ очихгүй байж болох ч дор хаяж нэг удаа ЭХО-д харуулаарай гэж зөвлөе.

20 долоо хоногтой болоод өрхийн эмч дээрээ очиж жин, даралт гэх мэт зүйлээ үзүүлэхэд дараагийн ирэх өдрийг танд хэлж өгнө. Ийм маягаар хэд хэдэн удаа үзүүлээд таныг төрөх дөхөөд ирэхээр таны жирэмсний хяналтын дэвтрийг, нэг цаастай хамт өгнө. Жирэмсний 8 сартайгаас хойш хэзээ ч төрж магадгүй тул тэр 2-гоо хаа явсан газраа авч явах хэрэгтэй болно. Тэр цаасны нэрийг санахаараа засаж оруулнаа. Төрөхөөр очихдоо заавал авч явах А4-өөс арай том хэмжээтэй цаас байгаа юм.

Нээрээ жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын турш та сар бүр 40 мянган төгрөг авч болох тул та түүнийгээ ч гэсэн 5 сартайгаасаа хөөцөлдөж болно. 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эмчийн хийж өгсөн бичгийг аваад хороон дээрээ очиж өргөдөл бичиж өгнө. Сар бүр очиж авах төвөгтэй учраас банкны данстайгаа холбуулчихвал их амар байсан.

2 Фолийн хүчил болон пренатал витамин

Жирэмсэн болохоосоо 3 сарын өмнөөс ууж эхлэх витамин бол фолийн хүчил юм. Эсвэл жирэмсэн эхчүүдэд зориулсан төрөл бүрийн амин дэмтэй пренатал витамин уувал дотор нь таны өдрийн хэрэгцээг хангах фолийн хүчил агуулагддаг тул тусд нь олон витамин уух шаардлагагүй болно. (Витаминийхаа найрлагаас та Folic acid гэсэн үгийг хайхад мэдэгдэнэ. Миний ууж байсан пренатал витаминд (Prenatal vitamin)өдрийн 800 mcg тунгаар орсон байсан)

Фолийн хүчил нь ургийн гажиг хөгжлөөс сэргийлэх зорилготой. Цаашид ямар хэмжээгээр хэдэн сартай болтлоо уухыг өрхийн эмчээсээ асуугаарай.

Пренатал витаминд танд болон таны хүүхэд өсөж торниход шаардлагатай амин дэмүүд хэт өндөр биш тунгаар агуулагдсан байдаг. Монгол оронд төрөл бүрийн хүнсний ногоо, шинэ жимс, загас зэргийг өдөр бүр хэрэглэх боломжгүй байдаг тул пренатал витаминийг та аль болох олон ширхэгтэйг авч хэрэглээрэй.

Өөрийн хэрэглэж байсан пренатал витаминий зургийг орууллаа. Эхлээд 90 ширхэгтэйг жирэмсэн байхдаа дуусгаад, төрсний дараа 150 ширхэгтэйг авч ууж байгаа. Хөхөөр хөхүүлж байгаа үедээ өдөр бүр ууна гэж бодож байгаа. Витамин гадаадаас захиалвал өндөр татвар төлөх учраас та монголоосоо фэйсбүүкийн янз бүрийн группүүдээс хайвал хямд байх болно. Хамгийн гол нь хадгалах хугацааг нь сайн шалгах хэрэгтэй. 




3 Язралтаас сэргийлэх

Эхний хэдэн сард гэдэс томрохгүй тул язралтаас сэргийлэх тос заавал хэрэглэх шаардлагагүй ч усанд орсны дараа арьсны уян хатан байдлаа сайжруулах зорилгоор чийгшүүлэх тос хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний эхний 5 сар өдөр бүр 1 удаа түүнээс хойш өдөрт 2-3 удаа түрхмээр санагдсан. Түрхэх давтамж нь таны гэдэс хэр томоос шалтгаалах тул та өөрөө зохицуулаарай.

Зарим хүмүүс түрхсэн ч ялгаагүй язардаг гээд байдаг. Гэхдээ хэрвээ түрхээгүй бол бүр илүү язарна л гэж ойлгох хэрэгтэй. Нэгэнт язарсан бол буцаах бараг л боломжгүй болно. Тосоо түрхэхдээ хөхөндөө бас гэдэсний доод хэсгээр, бөгсөн биендээ мартахгүй түрхээрэй. Гэдэс томроод ирэхээр доод хэсэг нь харагдахаа болиод тосоо түрхэхгүй байснаас болж яг дотуур хувцас өмсдөг хэсгээр арьс маань жоохон язарсан байсан. Язарсан гэдгийг нь төрсний дараа л гэдэс жижигрэхээр нь мэдсэн хэхэ Нэгэнт язарсан бол харин язралтыг бүдэгрүүлэх тосоо хэрэглэж эхлээрэй. Язарснаас хойш 6 сарын дотор л илүү үр дүнтэй байдаг юм билээ. Stretch mark oil гэж асуугаарай.

Миний хэрэглэж байсан язралтын тос - Веледа стреч марк ойл - Веледагийн бүтээгдэхүүнд дуртай болохоор бас үнэр нь хэт хурц биш болохоор энэ тосыг сонгож хэрэглэсэн. Түрхсэний дараа наалдаад байхгүй нь таалагдсан. Төрөх хүртлээ яг 2 ширхгийг хэрэглэж дуусгасан. Яг түрхсэн хэсгээр бол арьс маань язраагүй. Weleda fans in Mongolia гээд хуудаснаас захиалж авсан. Гаднаас захиж авахтай яг адилхан үнэтэй болж байна лээ. Төрсний дараа бас та Веледагаас авах хэрэгтэй юм их гарч ирнээ. Тэрийг дараагийн нийтлэлээр танилцуулъя. Өөр бас bio oil гээд хүмүүс их хэрэглэдэг юм байна лээ. 

Язралтыг арилгах тос - Palmer's Massage cream for stretch mark

Язралтаас сэргийлэх тос түрхээгүй санаанд оромгүй зарим хэсгээр язарсан байсан тул энэ тосыг төрсний дараа шууд авч түрхсэн. Одоо ч түрхэж байгаа. Анх хэрэглэхдээ зураг аваагүй болохоор одоо хэр бүдгэрүүлсэн гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Ядаж л сэтгэлээрээ дээрдэж байгаа л гэж бодоод байна. Хүмүүс их сайн л гэж бичсэн байсан ч какао орсон болохоор нялуун үнэртэй. Усанд орсны дараа арьсаа чийгтэй дээр нь массаж хийж түрхвэл илүү үр дүнтэй гэж уншсан. Өдөрт 2-4 удаа түрхэж байгаа. 

Моносоос авч байсан юм байна. Моносын сайтнаас мэдээллийг нь авч болно. Янз бүрийн төрөл байдаг. Палмер(паамер ч гэж уншиж магадгүй) тамми баттер гэсэн бөөрөнхий савтайг нь авмаар байсан ч дэлгүүртээ байхгүй байсан.



4 Төмөр болон кальц

За та фолийн хүчлийн дараагаар төмөр болон кальц ууж эхлэх хэрэгтэй болно. Төмөр болон кальцийг хэр удаан хугацаагаар уухыг таны шинжилгээний хариунаас шалтгаалан эмч хэлж өгнө. Хэрвээ хэлэхгүй байвал та санаа зоволгүй заавал асуугаарай. Фолийн хүчил, төмөр, кальц гэсэн 3 зүйл бол та болон таны хүүхдийн хамгийн наад захын хэрэгцээ гэж ойлгоорой.


5 Д витамины дутагдал байгаа эсэхээ шинжлүүлэх 

Бас нэг чухал шинжилгээ бол Д витамины дутагдлаа тодорхойлуулах шинжилгээ байсан. Хэрвээ та Д-н дутагдалтай байвал жирэмсэн байхдаа түүнийгээ заавал Д витамин ууж нөхөх хэрэгтэй. Жирэмсэн болохын өмнө уувал бүр сайн. Яагаад гэхээр танаас шалтгаалаад таны хүүхэд Д витамины дутагдалтай болж, рахитын шинж тэмдэг илрэх аюултай.

Энэ шинжилгээг "Гурван гал" эмнэлэг дээр өгч байсан. Үзлэгтэйгээ нийлээд 60 мянган төгрөг болсон.  Дээрээс нь бас та бараг Д-н дутагдалтай байх магадлал 90 хувь тул эмчийн заавраар Д витаминаа авч ууна. Эмч танд өдөрт 2 удаа 2000IU тунгаар уухаар зөвлөвөл яг тэгж л хэрэглэх хэрэгтэй. 2000-тай нь олдохгүй байхаар нь 4000, 5000-тайг хэрэглэж огтхон ч болохгүй юм. Жирэмсэн үед ийм өндөр тунгаар уух нь аюултай. Бас Д витамин ууж байгаа үед кальц давхар уухыг эмч зөвлөх байх. 

Хэрвээ та Д-н дутагдалгүй бол пренатал витаминд агуулагдах өдөрт 1000 IU тунгаар цаашид уувал дутагдлаас сэргийлэх юм. Монголд хүйтний улирал удаан үргэлжилдэг, загас бага иддэг зэрэг шалтгаанаас болж ихэнх хүмүүс Д витамины дутагдалтай байдаг юм билээ. Зуны улиралд 11 цагаас өмнө, 4 цагаас хойш богино өмд, подволк өмсөж наранд биеээ ээвэл Д витамин авч болох ч, их хэмжээний дутагдлыг арилгаж чадахгүй тул витамин уух шаардлагатай байдаг юм билээ.


6 Хаана ЭХО-д харуулах вэ 

Эхний үед 2-3 өөр эмнэлэгт үзүүлээд аль таалагдсандаа цаашид хянуулаад явахад зүгээр байх. ЭХО-д харуулахад дунжаар 30-45 мянган төгрөгний үнэтэй ч гэсэн маш чухал учраас заавал тогтмол үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа жирэмсний 12, 20-22, 31-32, 32-36, 38 долоо хоногтойд ЭХО-д харуулаарай.

Миний хувьд "Бүжингуа", "Тод дэлгэц", "Гурван гал", "Интермед" зэрэг эмнэлгүүдэд үзүүлж байсан юм байна. Хамгийн таалагдсан нь Хан-Уул дүүргийн 19-ийн KFC-тэй барилга дотор байдаг "Тод дэлгэц" эмнэлгийн Мөнхбаатар эмч байсан. "Тод дэлгэц" эмнэлэг нь хоёр салбартай тул Мөнхбаатар эмчид үзүүлнэ Хан-Уул дүүргийн салбарыг сонгоорой. Их дуу цөөтэй хүн тул асуух зүйл байвал та санаа зоволгүй асуугаарай. Бас цагаа эрт авахгүй бол байнгын их хүнтэй байдаг. ЭХО нь 45 мянга байсан. 

Витаминуудын талаар өрхийн эмч тань олигтой зөвлөгөө өгөхгүй эсвэл тэр талаар сайн мэдлэггүй байвал Мөнхбаатар эмчээс асуугаарай. 

Үнэхээр яаралтай ЭХО-д харуулах шаардлага гарвал эмнэлэг дээр нь очоод гуйгаад үзвэл 1-2 цаг хүлээж байгаад хүмүүсийн дундуур орох боломжтой байсан.

Бүжингуа эмнэлэг нь багшийн дээдэд байршдаг, цаг авалгүй очоод үзүүлж байсан. Бас эмч нь дажгүй, жаахан аяархан дуутай. Тод дэлгэцээс арай хямд байсан санагдаж байна.

Хүүхдээ хэт томрохоос нь өмнө буюу 28-32 долоо хоногтой байхад нь ЭХО-д харуулахдаа зургийг нь угаалгаж аваарай. Тэрнээс хойш хүүхэд тань томроод бараг зурганд харагдахгүй болно.


7 ТОНУС

Хэрвээ ЭХО-д харуулахад Тонустай гэж гарч байвал эмч тонусны эсрэг эмчилгээ бичиж өгнө. Магни уух, дусал хийлгэх, дюфастон уух зэрэг эмчилгээ бичиж өгч магадгүй. Яг л эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй.

Хүн бүр тонустай юм шиг байдаг тул тоохгүй байх хандлага байдаг ч энэ нь таны хүүхдэд аюултай тул та байнга эмчийн хяналтанд байх шаардлагатай. Эмчилгээгээ хийлгэсэн ч тонус их өгч байгаа бол ажлаасаа эрт тарах, их алхахгүй байх, ажлаасаа богино хугацагаар чөлөө авах зэрэг арга хэмжээнүүдийг авч болно. Бас дээрээс нь бариу хувцас, өсгийтэй гутал өмсөж болохгүйг анхаараарай. Бас сойлт гэдэг зүйл томхон эмийн сангуудаас авч зүүж болно. Ямар ч гэсэн гэдэс тань хатуураад, чангараад, өвдөөд байхад тоохгүй яваад байвал дутуу төрөх эрсдлээс гадна олон сөрөг тал бий.

Хэрвээ жирэмсэн үед тонус их өгж байсан бол төрсний дараа хүүхдээ 1-3 сартайд нь ч юм уу бариачаар бариулахад гэмгүй санагдсан.

Манай охин фэйсбүүк дээр Saihan tsetseg гээд хаягтай бариачаар 5 хоног бариулж байсан. Их таалагдсан. 5 хоног бариулахад 70 мянган төгрөг байсан. Гэдэс нь цүдгэр, дүүрдэг болон их уйлдаг хүүхэдтэй(colic baby) бол та ч гэсэн бариулаад шууд үр дүнг нь мэдэх байх. Манай охинд онцын зовиур байгаагүй ч 4 сартайдаа энэ бариачийг мэдээд очиж бариулж байсан. 


8 Төрөх эмнэлгээ сонгох 

Анхны төрөлт болохоор миний хувьд таньдаг эмчтэй хувийн эмнэлэг сонгосон. 33 долоо хоног хүрэхээсээ өмнө та хаана төрөхөө шийдэх шаардлагатай. Хувийн эмнэлэгт та хяналтанд ороход ямар нэгэн хүндрэл байгааг мэдвэл таныг эх нялхасын хяналтанд шилжүүлж болдог. Харин жирэмсний 34 долоо хоног өнгөрсөн бол харьяа төрөх эмнэлэг дээрээ л очих сонголттой болно.

Жирэмсний 33-34 долоо хоногтойдоо ус (amniotic fluid)бага гэсэн оношоор би 1-р эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлж байсан. Тэр 7 хоногтоо ер нь улсын эмнэлэгт төрвөл ямархуу байх вэ гэсэн ойлголтыг авсан тул хувийн эмнэлэгт төрөхөөр шийдсэн.

Хувийн эмнэлэг болохоор хүүхдийн зүрхний цохилт, базалт бичдэг аппарат, хүүхдийн шарлагын аппарат гээд бүх зүйл өрөөнд маань байсан нь их амар байсан. Өрөөндөө тусдаа 00 өрөөтэй, өдөр бүр 2-3 удаа цэвэрлэдэг, зочид суух буйдантай, зурагттай, өргөн ортой байсан нь үнэхээр их таалагдсан. Бас нөхөр болон дотны хүмүүстэйгээ төрсний дараа байж болох нь хамгийн гоё зүйл юм даа. Эмнэлгийн нэрийг дурдахгүй өнгөрөөеөө. Төрөх эмнэлгээ та өөрийн биеээр очиж үзэж, эмчтэйгээ уулзаж байж л шийдээрэй. Чухал зүйл тул энэ тэр эмнэлэг гэж хэлэхгүй байхаар шийдлээ. Ихэнх томоохон хувийн эмнэлэгт очиж үзсэн болохоор та асуух зүйл байвал коммент үлдээгээрэй.


9 Жирэмсний  хордлого 

Миний хувьд жирэмсний 6 долоо хоногтойгоос хүүхдийн маань хөдөлгөөн мэдрэгдэж эхлэх 16 долоо хоног хүртэл айхтар хүнд хордлоготой байсан. Өдөрт 3-10 удаа бөөлжих, байнгын дотор муу байх, тахианы мах, за бараг л бүх хоол, үнэртэй ус гээд ямар ч үнэр авч чадахгүй байсан. Энэ үеүдэд гэртээ хоол хийж байгаагүй. Жирэмсний 5 сартай болтлоо жин ерөөсөө нэмээгүй, харин нэлээн турсан байсан. Яг төрөхийн өмнө харин 10 орчим кг нэмсэн байсан юм байна.

Идэж чадах жимс ногоогоо идээд, усаа угаад л, үнэр багатай цэвэрхэн ресторан орж хааяа шөл авч идэж байсан. Харин мах огт идэж чадахгүй байсан тул уургаа өндөг идэж нөхөхийг хичээж байсан. Хордлоготой байна гээд юм идэхгүй байвал улам л их хордлого өгч, цөсөөрөө бөөлжих тул яаж ийгээд хүчлээд юм идэх хэрэгтэй. Ойр ойрхон бага багаар юм идээд байвал хордлого арай гайгүй байдаг санагдсан. Чихэргүй, давсгүй кракерс төрлийн жигнэмэгнүүд тохиромжтой санагдсан. Дээр нь дуртай юмаа түрхээд идсэн ч болно.

Хордлого ихтэй байсан болохоор жирэмсэн үеийн хооллолтын талаар бодит туршлага байхгүй тул хооллолтын талаар бичээгүй болно. 

Хэрвээ та ч гэсэн гүн хордлоготой байгаа бол коммент хэсэгт асуух зүйлээ бичээрэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 2 хувь нь л энэ төрлийн хордлоготой байдаг гэж эмч хэлж байсан санагдаж байна.

Хүнсний шинэ ногоо, шинэхэн мах, тараг, сүү гээд жирэмсэн үед танд шаардлагатай хүнсээ хэрэглэхийг бодоорой. Жирэмсний сүүлийн саруудад чихэрлэг зүйл бага идэж, цитрусын гаралтай жимс аль болох идэхгүй байвал зүгээр санагдсан. Төрсний дараа хүүхэд тань эгземтэй болвол их арчилгаа, хоолны дэглэм, тэвчээр шаардагддаг юм билээ шүү. Хооллолтондоо анхаараарай. Эгземийн талаар тусдаа нийтлэл бичнээ. 3 хүүхдийн 1 нь бараг эгземтэй болж байгаа гэж уншсан юм байна.

За яараад санаанд орсон бүх юмаа биччихлээ. Мартсан зүйл байвал 2-р хэсэг гээд дараа бичнээ. Танд болон таны хүүхдэд эрүүл энхийг хүсье. 

Chardonnaygal 

December, 2017

7 comments: