Шинэ ээж / 3-р сэдэв: Төрсний дараа анхаарах зүйлс
Шинэ хүнээ угтаж авсны дараа анхаарах зүйлүүдийг өөрийн туршлагаас жагсааж бичьеэ.
1. Гэр болон эмнэлгийн орчин тоос, шороогүй, агаартай байх.
Ямар ч нян бохирдолгүй цэвэрхэн газраас дөнгөж гарч ирсэн үрээ орчны бохирдлоос хамгаалах. Хүүхдээ өөр өрөөнд оруулж байгаад хүүхдийн байх өрөөний агаарыг тогтмол сэлгэж байх.
2. Ердийн үеийнхээсээ ариун цэврийг дээд зэргээр сахих
Үүнд мэдээж бие зассаныхаа дараа, хөхүүлэхийн өмнө болон түүхий ногоо жимсэнд хүрсний дараа гараа угаахаас гадна гадны зочид ирэхэд нь гарыг нь угаалгах орно.
3. Хүүхдээ дээш харуулж унтуулах боловч, толгойг нь заавал баруун эсвэл зүүн тал руу нь ээлжилж харуулж байх
Ар дагзаар нь унтуулахад хүүхдийн толгой маш амархан хавтгай хэлбэртэй болдог. Мөн аль нэг тал руу нь байнга харуулж унтуулах болон хөхүүлэхэд далий толгойн хэлбэртэй болно. Хүүхэд 3-4 сар хүрсний дараа хэлбэр алдах нь багасаж, өөрөө чөлөөтэй эргэж чаддаг болох тул заавал ийш тийш харуулах шаардлагагүй болох байх. Тэр хүртэл хэдхэн сар толгойг нь яг ээлжилж харуулж байгаарай. Хэрвээ flat head syndrome буюу толгой нь илт хавтгай болсон нь мэдэгдвэл эртхэн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авбал засрах боломжтой.
Flat head syndrome |
4. Хөхөөр хооллож байгаа бол үлдсэн сүүгээ сааж суллаж байх.
Хэт чинэрсэн үед нь эхлээд гараараа хэд хэд сааж байгаад хөхөө амлуулах.
Чинэрсэн хөхнөөс эхний үед гардаг усархаг сүү нь хүүхдэд тийм ч хэрэгтэй зүйл бишээс гадна, хүүхэд хахаж цацах, ногоон өнгийн баас гаргах зэрэг сөрөг талтай. 2 хөхөө ээлжилж хөхүүлж байхгүй бол хөхний сүүний гарцад өөрчлөлт орохоос гадна том жижиг хөхтэй болж үлдэнэ.
5. Хүүхдийг эхний 2 долоо хоног маш тайван, дуу чимээ багатай орчинд байлгах.
Дотны хүмүүсээ 2 долоо хоног болсны дараа гэртээ уривал зүгээр юм байна лээ. Эхний 2 долоо хоног бол бяцхан үрийн гэртэйгээ, аав ээжтэйгээ танилцаж дотносох хамгийн чухал үе гэдгийг олон номноос уншсан болохоор тусгайлан бичлээ. Мөн энэ үед гадаа дулаан байсан ч заавал гадаа гаргах шаардлагагүй юм билээ.
Topponcino гээд ийм дэвсгэр хүүхдэдээ хийж өгвөл тэврэхэд хүүхдэд болон ээжид тухтайгаас гадна өвөө, эмээ, ах, дүү нар нь тэврэхэд тухтай байх болно. |
6. Агаарт гаргах
Бид 2-ын хувьд эмнэлгээс гарч ирсэн өдрөөсөө буюу 5 дахь хоногоосоо эхлээд гадаа 5, 10, 15 минутын хугацаатайгаар гардаг байсан. 14 хоногтойгоос нь 30-60 минут, 1 сартайгаас нь 1-2 цагаар өдөрт хэд хэдэн удаа салхилуулдаг байсан юм байна. 2 сартайгаас хойш бол өдөрт дор хаяж нэг удаа гадаа унтдаг байсан. Өвлийн улиралд -20-с дулаан, нартай үед бас богино хугацаагаар гадаа гарч унтуулдаг байсан. Хүүхэд өдрийн цагаар агаарт сайн гарч байвал өдөр ч, шөнө ч нойрондоо сайн байдаг санагдсан.
7. Хүүхэд болон ээж, аав нь шинэ хувцас өмсөхдөө угааж байж өмсөх
Арьс нь маш амархан янз бүрийн зүйлээс харшдаг учраас илүү бодолтойгоор хандах
8. Арьс нь бүрэн гуужиж дуусаагүй учраас өдөр болгон усанд оруулж байх. Ялангуяа эхний 3 сар өдөр болгон усанд оруулж байвал хүүхэд чийрэг болж, ханиад томуу хүрэх нь бага байх болно. Харин саван хэрэглэх бараг шаардлагагүй байдаг юм билээ. 7 хоногт 1-2 удаа л савандахад хангалттай тул түүнээс их савандвал арьс нь хуурайшиж, эмзэгшиж эхэлнэ. 14 хоногтойгоос нь хүүхдийг зориулалтын зүйл ашиглан хэвтүүлж усанд оруулж болох тул ээж аавд нь маш амар байх болно. Крантны ус нь шүүлтүүртэй эсвэл хангалттай цэвэр бол шууд оруулж болох боловч хатуулаг ихтэй, бохир бол буцалгаж байж оруулаарай.
9. Хувцсыг нь зориулалтын вок, савангаар, гараар угааж байх
10. Хүүхэд зогьсуулах маш олон шалтгаан байдаг бөгөөд зогьсуулах бүрт нь даарч байна гэж оношлох шаардлагагүй. Сүүгээ гулгиж гаргаснаа буцаж залгих үед зогьсуулах нь маш элбэг тохиолддог.
11. Гэртээ хүүхдийнхээ хөлийг нүцгэн байлгах
Мэдээж хэрэг хүйтэн байвал оймс өмсгөх. Хүүхэд бүх зүйлийг хөлөөрөө хүрч танин мэддэг учраас хөлийг нь аль болох ил байлгах нь хүүхдийн хөгжилд чухал. Мөн хүүхэд биеийн дулаанаа хөлөөрөө зохицуулдаг учир хөл нь хэт халуун байвал хэт халууцаж байгааг илэрхийлдэг. Гэхдээ яах эсэх нь таны л шийдэх хэрэг.
Манай охины хувьд гэртээ ер нь оймс бараг өмсөж үзээгүй. 10 сар хүртлээ байнга айл хэсэж, гадаа гардаг байсан боловч бараг ханиад хүрч байгаагүй юм байна.
12. Шөнө сэрэхэд нь ярьж, гэрлээ тод асаахгүй байх. Анхнаас нь шөнө хүмүүс унтдаг гэсэн мессежийг хүүхдэдээ суулгаж өгвөл шөнө сэрээд байх нь багасах болов уу.
13. Цэвэр даавуун 100% cotton материалтай хувцас, нийлэг биш материалтай өлгий хэрэглэх
14. Хүүхэд хэт халууцвал, хэт халуун усанд орвол арьсан дээр нь улаан тууралтууд гардаг тул хэт халууцуулахгүй байх. Хэт халууцсанаас бага зэрэг сэрүүн байлгасан нь дээр.
15. Ээж нь өөрөөрөө төрсөн бол шууд бага зэрэг бариу бүс зүүвэл хэвэндээ ороход хурдан гэдэг юм билээ. Миний хувьд яагаад ч юм бүс зүүх муу санагдаад зүүгээгүй. Гэрийн халатныхаа бүсээ жоохон чангалчихдаг байсан. Тийм ч их сунаагүй ч өмнөхөөсөө илүү сул арьстай болсон байналээ.
16. Хүүхэд нь өвдөөд эмчид үзүүлэхэд бичиж өгсөн эмийг моносын сайтнаас давхар судалж байж хүүхдэдээ өгөх. Заримдаа эмч нар хэт хүчтэй, нярай хүүхдэд өгч болохгүй эмийг ямар ч тайлбаргүйгээр дур мэдэн бичсэн байдаг. Аав ээжүүд давхар хянаж л байхгүй бол дараа нь очиж заргалдаад ямар хэрэг байх вэ дээ.
17. Ягаан дэвтрээ сайн уншиж, хөтөлж байх. Ягаан дэвтэр дээр таны асуултын хариултууд ихэнх нь байгаа шүү.
18. Хүүхдийнхээ чихний хэлбэрийг засах.
Хэрвээ төрөх явцад чих нь хавчигдсан ч юм уу, ямар нэгэн байдлаар чих нь өөрчлөгдсөн төрөөд тэр нь 48 цагийн дотор хэвэндээ орохгүй бол хүүхдийнхээ чихийг зөөлөн байгаа дээр нь засаж болдог юм билээ.
Манай охины чих төрөхдөө ийм байсан хөвөнгөөр хааяа нэг зассаар байгаад одоо зүв зүгээр болсон. Англиар folded ears гэж хайгаарай. |
Нэмэлтээр санаа хэлэхэд
19. Хүүхдээ дөнгөж төрсөн үеийн сэтгэгдлээ аав ээж хоёр нь бичиж хадгалбал дараа нь уншихад маш гоё байдаг юм байна лээ. Бас сар бүр яг нэг загвараар зургийг нь авч байвал дараа нь том болсон хойно нь өөрт нь сайхан санагдах байх. Эмнэлгээс гарахдаа өмссөн хувцсыг нь бас нандигнаж хадгалаад дараа нь бэлэглэж болно.
Хэрвээ та англи эсвэл өөр хэлний мэдлэгтэй бол мэдэхгүй зүйл гарахад тэр хэл дээрээ интернетээр мэдээлэл хайж үзэх нь янз бүрийн хүмүүсээс асууснаас хамаагүй дээр юм билээ. Монгол хэл дээр мэдээлэл маш бага байдгаас гадна, эх сурвалж нь тодорхойгүй ам дамжсан яриа, мухар сүсэг их байдаг болохоор байнга уншсан зүйлдээ итгэхгүй байх хэрэгтэй шүү.
2 comments:
Post a Comment