Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ? 1-р хэсэг

1/21/2016 chardonnaygal 2 Comments


 Хамгийн хийх дуртай зүйл чинь юу вэ? гэж Солонгос найзаасаа асуухад "Гэртээ хариад будгаа арилгах" гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Хэдэн жилийн өмнө Солонгост хэд хоногоор очиход хамгийн таалагдсан зүйлүүд бол метроны буудлуудын үнэгүй wifi болон гоо сайхны боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд байлаа. Солонгосчууд нүүрээ будахаас илүү, арьсаа эрүүл сайхан байлгахад анхаарлаа хандуулдаг нь эргэн тойрноос өөрийн эрхгүй анзаарагдаж байлаа. Япончууд ихэнхи нь сайхан арьстай байдаг ч хоолонд илүү ач холбогдол өгч, хоолны тухай их ярьдаг. Харин Солонгос охид хоолноос илүү гоо сайхны бүтээгдэхүүний тухай ярьдаг нь ажиглагдав.

Японд буцаж ирээд төд удалгүй косметикийн дэлгүүрт цагийн ажил хийж эхлэв. Анх орохдоо арьс арчилгааны талаар бараг мэдэхгүй байсан болохоор хамт ажилладаг охидынхоо үйлчлүүлэгчдэд зөвлөж байгаа зүйлүүдийг сонсож, бүтээгдэхүүнүүдийн тайлбарыг нь цээжилсээр өдрийг өнгөрүүлдэг байв. Арьс арчилгааны тухай блог, найзууд болон номнуудаас бага багаар суралцсаар төд удалгүй ямар ч гэсэн хүмүүсийн янз бүрийн асуултуудад хариулж болохуйц болов. 

Одоо бол арьсаа арчлах нь миний хувьд гар, шүдээ угаах гээд хийх ёстой л зүйлүүдийн нэг гэхээс илүү дуртай зүйлүүдийн маань нэг болоод байна. Ер нь хэрэглэгчдийг хараад байхад гоо сайхандаа илүү анхаарч, асуулт асууж байгаа хүмүүс илүү сайхан арьстай байгаа нь ажиглагддаг. Ялангуяа Монголд агаарын бохирдол, хүйтэн уур амьсгал, хуурайшил цөлжилтөөс болж илүү их арчилгаа шаардах нь гарцаагүй. Мэргэжлийн хүн биш болохоор яг ингэ, тэг гэж өөрөө зохиож хэлэхгүй ч, олон олон блоггерууд, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс уншаад хамгийн чухал санагдсан, заримынх нь хувьд аль хэдийнээ мэддэг мэдээжийн санагдаж болох зүйлүүдээс бичье. 

Нүүрээ цэвэрлэх (Давхар цэвэрлэгээ - оройд!)

Та нүүрээ их бага, ямар нэгэн хэмжээгээр буддаг л бол нүүрээ цэвэрлэхдээ илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй болохнээ. Ялангуяа оройд нүүр цэвэрлэгчээр цэвэрлэсэн  болоод л эсвэл ядраад будагтайгаа орондоо ороод, өөртөө ганц удаа л юм чинь гэж хэлдэг арьсны хүнд гэмт хэргийг хэзээ ч хийж болохгүй болохыг өөрийнхөө жишээн дээр ярья. 

 16-22 насны маш залуу арьс бол хааяадаа нүүрээ угаахгүй унтсан ч батга болон мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ хор уршиг нь хэдэн жилийн дараа, харамсаж баршгүйгээр илрэх болно шүү. Нүүрээ угаахгүй унтсанаар эсвэл дутуу цэвэрлэснээр таны арьсны шар үсний сүв мэдэгдэхүйцээр томорч, арьс тань байх ёстойгоосоо хурдан хөгширч эхэлдэг. Арьсан дээр байгаа гадны бохирдлыг сайн цэвэрлээгүйгээс болж арьсны эсүүд гэмтэж, арьс өөрийгөө нөхөн төлжүүлэх, шинэчлэгдэх чадвар нь багасдаг. Нэгэнт томорсон сүвийг буцааж жижиг болгоход маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Арьсны сүв томрох нь тослог болон хольмог арьстай хүмүүст их тохиолддог бөгөөд удаан хугацааны турш хангалтгүй чийгшүүлж, дутуу цэвэрлэж байсны үр дүн юм. 

 Миний хувьд сүүлийн 3 жил арьсандаа анхаарснаар нүхжилт болон батга гарах нь арай багасч, арьсны өнгө өмнөхөөсөө эрүүл, гэгээлэг болсон нь анзаарагдаж байна :) Гэхдээ эртнээс арчилж эхэлсэн бол гэж дандаа харамсдаг юм.

Тэгэхээр давхар цэвэрлэгээ гэж юу вэ?



1-р шат. Тосон цэвэрлэгч
Ихэнхи хүмүүс би тослог, хольмог арьстай болохоор тосон цэвэрлэгч хэрэглэдэггүй, таардаггүй гэж ярьдаг. Эсвэл тосон цэвэрлэгчээ хөвөнд шингээж хэрэглээд байдаг. Үнэндээ бол таны нүүрэндээ түрхсэн янз бүрийн будгийг хамгийн сайн арилгах зүйл бол тосон цэвэрлэгч юм. Тос нь тосоо сайн уусгаж, арилгадаг учраас тэр. Нүүрний будаг, нарны тос гэх мэт нь тосон цэвэрлэгчинд сайн арилдаг.

 Дарааллын хувьд эхлээд зовхи, уруулын будгаа арилгаж дараа нь бусад хэсэгтээ массаж хийж, бүлээн усаар арилгавал, тос нь цагаан өнгөтэй шингэн болон хувирч ямар ч тосны үлдэгдэл үлдэхгүй. Маш зөөлөн, сайн цэвэрлэхээс гадна хөвөнд ч хэмнэлттэй болно. Хөвөнгөөр нүдний будгаа арилгадаг бол үрчлээнээс сэргийлж маш зөөлөн хандах хэрэгтэй.

"Арьс нь хүний биеийн нийт жингийн 15 орчим хувийг эзэлдэг бөгөөд хүний биеийн хамгийн том эрхтэн юм. "


2-р шат. Нүүрний хөөс эсвэл усан суурьтай цэвэрлэгчээр цэвэрлэх
Нүүр цэвэрлэдэг хөөс болон гелэн цэвэрлэгч - Ихэнхи хүмүүс хэрэглэдэг cleansing foam/gel нь будаг арилгахаас илүүтэйгээр, хөлс, бохирдол, гуужсан арьсыг цэвэрлэж, арьсыг гэгээлэг зөөлөн болгох үүрэгтэй. Өдөрт 1-с дээш хэрэглэх нь хуурайшуулах магадлалтай. 

Нүүр цэвэрлэдэг хөөсийг сонгохдоо pH буюу арьсны хүчил-шүлтийн тэнцвэртэй байдлыг нь шалгах хэрэгтэй. pH нь 0-14 хооронд байдаг бөгөөд, 0 нь хамгийн хүчиллэг, 7 дундаж, 14 хамгийн шүлтлэг байдаг байна. Эрүүл арьс нь бага зэрэг хүчиллэг талдаа 5.5 pH орчим байдаг байна. 

Арьс хүчиллэг байх нь элдэв батга гарах, улайлт үүсэхэд хүргэдэг, харин шүлтлэг байх нь арьсны өнгө бараан болох, хуурайшихад хүргэдэг. Нүүрийг угаасны дараа арьс хуурайшиж, таталдах нь тухайн бүтээгдэхүүн танд таарахгүй байгааг илэрхийлнэ. Тиймээс 7-с дээш pH тэйг сонговол арьсыг хуурайшуулан, тэнцвэрийг алдагдуулах магадлал өндөртэй болохнээ. pH- г шалгах зориулалтын савх худалдаалагддаг бөгөөд худалдан авсан бүтээгдэхүүний нэрээр гүүглдэж ч мэдэх боломжтой. 

Биеийн зориулалтттай шингэн болон шахмал савангаар нүүрийг угаах нь мөн хуурайшуулж, тослогийн тэнцвэрийг алдагдуулдаг. Биеийн арьс нь нүүрний арьснаас 5 дахин зузаан байдаг тул, биед хэрэглэх зүйлийг нүүрэнд хэрэглэснээр хэт хуурайших үр дагаварт хүрнэ. 

Усан суурьтай цэвэрлэгч - Тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа үлдэгдэл, бохирдлыг усан суурьтай цэвэрлэгчийг хөвөнд шингээж цэвэрлэн, усаар зайлна. 

Та хэрвээ эмзэг арьстай бол дараах зүйлүүдийг ч гэсэн анхаарах хэрэгтэй.
  • Гар нүүрийн алчуураа тусд нь байлгах
  • Нүүрний алчуур, дэрний даавуугаа ойр ойрхон солих
  • Нүүрээ хүчтэй үрж угаахгүй байх
  • Хүчтэй гуужуулагч хэрэглэхгүй байх. Гоо сайхны зарим мэргэжилтнүүд гуужуулагчаас татгалздаг. Учир нь гуужуулагчинд арьсыг гэмтээж болохуйц зүйлүүд агуулагдаж байж болзошгүй гэж тэд үздэг. Хэрэглэх тохиолдолд элсэн чихэр, кофе гэх мэт арьсийг гэмтээхгүй орцтой гуужуулагчаас хэрэглэхийг зөвлөдөг байна. 
  • Бүтээгдэхүүнийг эхлээд гарын шуун дээрээ бага зэрэг түрхэж үзэж байж хэрэглэх хэрэгтэй байдаг. Улайгаад харшил өгөөд байхад нь нэгэнт авсан юм чинь гээд дасгаж түрхэх гээд байж болохгүй байхнээ.
  • Хэлэх шаардлагагүй гэж бодож байгаа ч орж гарах, хүнд хөнгөнөөр бие засах бүртээ гараа заавал савангаар угааж занших буюу зөвхөн цэвэр гараар нүүрэндээ хүрэх. Ингэснээр та ханиад томуу, халдварт өвчин ч тусахгүй байх магадлал өндөр болно. Гараа хүн бүр л угаадаг гэж боддог байх. Гэхдээ аль ч оронд гэлтгүй гадуур 00 ороод анзаарч байхад гараа савандаж угааж байгаа охид цөөн л харагддаг юм. 
  • Батгыг дураараа шахахгүй, бохир оруулахгүй, нэмж үрэвсүүлэхгүй байх, бас тавыг нь хуулахгүй байх, хуруугаараа эрж хайхгүй байх
  • Аялалаар явах болон гадуур хонох шаардлагатай үедээ өөрийнхөө алчуур, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс авч явах
Харин өглөөд бол зөвхөн тосон цэвэрлэгчээр шөнө түрхсэн тосны үлдэгдэл, ялгарсан хөлсийг хөнгөхөн цэвэрлэх боломжтой. Зарим мэргэжилтнүүд өглөөд нүүрээ зөвхөн усаар угааж байхыг зөвлөдөг ч миний хувьд тослог арьстай болохоор хангалттай цэвэрхэн санагддаггүй. 
Харин өдөрт 2 удаа нүүрээ хөөсөөр угаах нь хуурайшуулах, тослогийн тэнцвэржилтийг алдагдуулах магадлалтай.

Чийгшүүлэх  


Шүршүүрээс шууд гарч ирээд хийх ёстой зүйл бол үсээ хатаах биш арьсаа арчлах юм. Нүүрний арьс нь усаар тийм ч амархан чийгшдэггүй бөгөөд зориулалтын чийгшүүлэгчээр чийгшүүлэх нь зүйтэй юм. Тиймээс та нүүрэндээ ямар нэгэн тос, маск түрхэхээсээ өмнө, шүршүүрээс дөнгөж гарч ирээд хийх ёстой зүйл бол чийгшүүлэгч тоник түрхэх юм. Хуурай спонж дээр шууд л тос түрхээд байна гээд та төсөөлөөд үз дээ. Чийгшүүлэгчийг түрхсэнээр, арьс улайхгүй, дараагийн бүтээгдэхүүнүүдийг илүү сайн хүлээж авдаг болно. Нэг удаагийн цаасан болон гелэн маскны өмнө ч заавал чийгшүүлэх тоник түрхсэн байх хэрэгтэй. Чийгшүүлэхгүйгээр дараагийн бүтээгдэхүүнүүдийг түрхэх нь мөнгө болон цагны гарз ч болох талтай юм.


Ташаа ойлголтууд


Нарны тосыг наранд биеэ шарахад л бас борлохгүй байхын тулд л түрхэх хэрэгтэй.
Арьсны хорт хавдраас сэргийлэх цорын ганц арга бол нарны тос, шүхэр болон малгай. Япон эмэгтэйчүүд ер нь бороо орсон ч ороогүй ч шүхэртэй явдаг шалтгаан бол хэт ягаан туяанаас арьсаа хамгаалж буй хэлбэр юм. Бээлий өмсч, хар халуунд битүү хувцас өмсдөг эгч, эмээ нар ч бас учиртай. Бүрхэг, бороотой, цастай өвлийн өдрүүдэд ч гэсэн нарны тос түрхэх хэрэгтэй. Тэгснээр наанадаж сэвх толбо, үрчлээ үүсэхээс сэргийлж цаашлаад арьсны хорт хавдар тусахаас сэргийлэх боломжтой.


Би залуу учраас зовхиний тос хэрэглэх хэрэггүй гэдэг бол ташаа ойлголт юм.
Зовхинд зөвхөн зовхиний тос л түрхэх хэрэгтэй. Та нүдээ будах гэж тень, харандаа, сормуусны будаг гээд нийт хэдэн бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ яагаад тэр их ачааллын дараа 5 хан секунд зарцуулаад зовхины арьсаа чийгшүүлэх хэрэггүй гэж. Нүдний эргэн тойрон нь булчингүй, маш нимгэн бөгөөд эмзэг тул та хамаг хөрөнгө оруулалтаа нүдний тосондоо оруулахад буруудахгүй. Арьс арчилгааныхаа хамгийн сүүлд, өглөө оройдоо зөвхөн ядам хуруугаараа зөөлөн товшиж түрхэх хэрэгтэй байдаг байна. 

Чийглэг арьс бол тослог арьс биш юм
Монголчууд болон барууны гоо сайхны бүтээгдэхүүнүүд голдуу арьсыг матт буюу хуурай, тослог харагдуулахгүй байхаар зохион бүтээгдсэн байдаг. Тийм ч учраас зарим хүмүүс чийглэг болон тослог арьсыг хольж ойлгоод байдаг. Тослогтох нь тослог арьстай байхаас гадна чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, арьсыг хангалттай чийгшүүлээгүйгээс болж үүсдэг. Арьсыг хангалттай чийгшүүлж, зориулалтын мэйк ап праймер хэрэглэснээр тослогтохыг багасгах боломжтой. Тослог арьстай болохоор тос түрхэхгүй байх нь ч буруу юм. Ойл биш усан болон гелэн суурьтай чийгшүүлэгч, тосыг хэрэглэснээр тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг. Харин чийглэг арьс нь будсан ч будаагүй юм шиг, гэрэлтсэн харагддаг. Энэ нь тослогтсон арьснаас ялгаатай юм. Dewy but not oily!

Үнэтэй бол чанартай
Үнэндээ та брэнд гэхээс илүү дотор нь юу орсон бэ гэдэгт л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Таны найзад таарч байгаа бүтээгдэхүүн танд таарахгүй ч байж болно. Боломжийн үнэтэй боловч арьсанд сайнаар нөлөөлдөг бүтээгдэхүүнүүд зөндөө байдаг. Тэднийг интернет, блогуудын ачаар хялбархан мэдэх боломжтой болжээ. Солонгосын ихэнхи бүтээгдэхүүнүүд органик гаралтай, хүнсний ногоо, жимснээс бүтсэн орцтой байдаг. Франц л бол чанартай гэж шууд ойлгох нь өрөөсгөл юм. Үнэнийг хэлэхэд, гоо сайхны салбарт хийгдэж байгаа ихэнх технологийн дэвшил, шинэчлэлтүүд Солонгосоос үүсдэг тогтолцоо бий болоод удаж байгаа билээ. Барууны косметикийн компаны мэргэжилтнүүд ч шинэ санаа хайхаар Солонгос явдагаа нуудаггүй билээ. 

Эцэст нь хэлэхэд хамгийн гол нь эрүүл хоол, амьдралын хэв маяг гэдэгт та ч гэсэн санал нийлэх болов уу. Гаднаас нь хэчнээн үнэтэй тос, бүтээгдэхүүн хэрэглээд алкохол их хэрэглэж, халуун ногоотой хоол идэж, шөнө оройтож унтаад, нүүрээ сайн цэвэрлэхгүй байвал арьсны асуудал байнга л үргэлжилсээр эсвэл ирээдүйд бий болсоор байх болно. Тиймээс аль алийг нь тэнцвэртэй анхаарч, жимд болон бясалгалд явж, өнөөгийн бухимдалтай нийгэмд өөрийгөө тайван стресстүүлэхгүй байлгах нь эрүүл арьсны, эрүүл байхын нууц биз ээ. 

PS: Миний ч гэсэн хамгийн хийх дуртай зүйлүүдийн нэгт, гэртээ хариад нүүрээ цэвэрлэж, халуун ваннд орох :P

Ашигласан материалын жагсаалт
coming soon...


Нэмэлт 2016.01.25

Тосон цэвэрлэгчийг хэрэглэх заавар

1. Хуурай гар луу 3-4 дуслыг шахах
2. Хуурай нүүрэн дээрээ зөөлөн тарааж түрхэх
3. Гараа бага зэрэг бүлээн усаар чийглээд зөөлөн массаж хийхэд, ойл нь цагаан өнгөтэй эмульс болон хувирна.
4. Усаар зайлна.



Зургийн эх үүсвэр: Шү үэмура брэндийн албан ёсны хуудас

2 comments:

Alta said...

Davhar tseverlegeenii tuhaid uneheer ih sanal neg baina. Heregjuulj bsan ch sn oil cleanser olj amjaagui l yvn. Zunduu olon post bicheerei amjilt!

Баярлалаа. Үргэлжлүүлж бичихийг хичээнээ:) Ямар ямар cleansing oil хэрэглэж байсан бэ? Японы cleansing oil ууд ихэнхи нь дажгүй санагдсан. (Shu uemura, softymo, shiseido...)