Spring/Summer Beauty Favourites / Хавар зуны гоо сайхны шинэ болон шилдэг бүтээгдэхүүнүүд

4/06/2016 chardonnaygal 2 Comments


Сүүлийн үед сошиал ертөнцөд олны анхаарлыг татаад байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс өөрт таалагдаж байгаа 7 бүтээгдэхүүнийг энэ удаад танилцуулахаар бэлдлээ. Заримыг нь удахгүй хэрэглэж үзээд сэтгэгдлээ хуваалцах болноо.


1. Laneige Two Tone Shadow Bar Ланейж 2 өнгөөс бүрдэх нүдний тень

    Энэ тень нь уусгалтанд хамаг цагаа үрдэг болон уусгалт хийж чаддаггүй охидод хэрэгтэй байх гэж бодлоо. Харин давхраагүй нүдэнд тосон тень тийм ч гоё харагддаггүй учраас миний хувьд худалдаж авахгүйгээр шийдээд байгаа. Саяхан худалдаанд гарсан тул үнэ болон хаана худалдаалагдаж байгаа талаарх мэдээлэл тодорхой биш байна. Монголд 30000 орчим төгрөгөөр зарагдах болов уу гэж таамаглаж байна.


2. Laneige Two Tone Lip Bar Ланейж 2 өнгөөс бүрдэх уруулын будаг

    Дээрхи тенийн адилаар, уруулаа 2 өнгөөр уусгалт хийсэн мэт будахад ганцхан энэ бүтээгдэхүүн байхад л хангалттай. 

Дарааллын хувьд эхлээд доод уруулдаа бүдэг өнгийг нь доошоо харуулсан байдалтайгаар түрхэнэ. Дараа нь дээд уруулаа бүдэг талийг нь дээшээ харуулж будаад амаа жимийхэд уусгалттай өнгө маань бэлэн болно. Тод өнгө нь гялалзсан, бүдэг өнгө нь илүү мат бүтэцтэй.



1
2
3



Өнгөний сонголтууд



No 1. Magenta Muse
No 2. Red Blossom

No 3. Pink Salmon
No 4. Milk Blurring

No 5. Daring Darling
No 6. Pink Step


[NEW] No 11. Juicy Pop
[NEW] No 12. Maxi Red


[NEW] No 13. Orange Blurring
[NEW] No 14. Dear Pink
Энэ бүтээгдэхүүнийг Их дэлгүүрийн 1 давхарт 28500 төгрөгөөр худалдаалж байсан.


 Ижил төрлийн бүтээгдэхүүн: VDL Tint Bar Triple Shot 

    Tint, lip balm, base(Тинт, уруулын тос, суурь) 3 нэг уруулын будганд багтсан, тогтоц сайтай, Ланейжийхийг бодвол бүдэг гаралттай бүтээгдэхүүн. Харин хэрэглэхдээ хэтэрхий чанга дарахгүй байхгүй бол 3 хэсэг нь салаад ирсэн хэд хэдэн тохиолдлыг харж байсан юм байна. Миний хэрэглэж байгаа нь доорх зурагны хамгийн дээд талын оранждуу өнгө юм. Гадуур жижиг дэлгүүрүүдээр 30000 орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа.








3. Shiseido IBUKI Beauty Sleeping Mask Шисэйдо Ибуки Шөнийн маск


Эхлээд шөнийн маск (sleeping mask/pack) гэж юу болох талаар тодруулъя.
    Шөнийн маск нь арьс арчилгааны хамгийн сүүлд, тэжээлийн тосны дараа түрхээд тэр чигээрээ унтах зориулалттай маск юм. Харин өглөө босоод усаар угаахад л таний арьс амарч, чийгшсэн байх болно. 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Миний бодлоор Монголын эрс тэс, тоос шороо, утаа ихтэй уур амьсгалд шөнийн маск болон зөөлөн гуужуулагч, сайн нүүр цэвэрлэгч 3-г зайлшгүй тогтмол хэрэглэж байх хэрэгтэй болов уу гэж боддог.

   
    Өмнө нь хэрэглэж байсан маскнууд маань дандаа Солонгосын шөнийн маскнууд байсан учраас Японы алдарт Шисэйдо шөнийн маскийг хэзээ, хэрхэн үйлдвэрлэж эхлэх нь сонин санагдаж байлаа. Харин европийн косметикийн акулууд хэзээ худалдаанд гаргах нь сонин хэвээр. Үнийн хувьд Shiseido Mongolia-д 62000 төгрөгөөр саяханаас худалдаалагдаж эхэлсэн байна. 

 

Ижил төрлийн бүтээгдэхүүн: Laneige Water Sleeping Pack Ланейж Усан Шөнийн Маск

    Миний хамгийн анх хэрэглэж үзсэн шөнийн маск бол Ланейжийн маск юм. Шөнийн маскны төрөлд дэлхийд хамгийн их худалдаалагдсан, худалдаалагдсаар ч байгаа бүтээгдэхүүн юм. Орондоо орохоос дор хаяж 20 минутын өмнө яг л тос түрхдэг хэмжээгээрээ түрхээд унтахад л болох юм. Үнийн хувьд хаанаас авч байгаагаасаа шалтгаалаад 15-25 долларын үнэтэй байдаг. Монголд их дэлгүүр болон Макс Мол д 33500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа харагдсан. (2015 оны байдлаар)



4. Jo Malone English Pear and Freesia Cologne Жо Малон англи лийр болон Freesia цэцгийн үнэртэй ус

    Жо Малон нь үнэртний маш өргөн сонголттой боловч бусад ойролцоо брэндүүдээс харьцангуй үнэтэй талдаа орох болов уу.  Японы Ханкюу их дэлгүүрт ороод Жо Малоны 20иод ус үнэртэж үзээд хамгийн таалагдсан нь энэ үнэртэн юм. 30 болон 100 мл-аар худалдаалагддаг бөгөөд 100 мл нь худалдаалагдаж байгаа орноосоо шалтгаалаад 105-145 доллар орчим байдаг. Харин үнэртэй усны шүүмжүүд цуглардаг www.fragrantica.com д бичсэнээр бол тогтоц тийм сайнгүй гэсэн сэтгэгдэл хэд хэд харагдсанаас бусдаар дажгүй бололтой. Монголд хаана худалдаалагдаж байгааг хараахан мэдээгүй байна. 



5. Innisfree It's real squeeze mask Иннисфри Нэг удаагийн нүүрний маск

    Юуны өмнө хэрвээ та Innisfree гэж анх удаа сонсож байгаа бол ямар брэнд болох талаар товч танилцуулъя.

    Солонгосын хамгийн том косметикийн компани болох Аморе Пасифик нь доороо маш олон брэндүүдтэй. Тэдгээрт Innisfree, Etude House, Laneige, IOPE, Sulwhasoo гэх мэт брэндүүд багтдаг. Эдгээрээс Innisfree нь Чэжү арлын ургамлын, байгалийн гаралтайгаараа онцлогтой юм. Үнийн хувьд ч маш боломжийн байдаг.

Энэ маск нь косметикийн дэлгүүрт хамт ажилладаг байсан Япон охид болон миний хамгийн дуртай, боломжийн үнэтэй, үйлчилгээ сайтай маск юм.

Онцлогууд
  1. Ази хүний нүүрэнд яг таарсан хэмжээтэй. Хамар болон нүдний хэсгүүд нь ч яг байх ёстой газрууддаа байдаг учраас хайч хэрэглэх шаардлагагүй.
  2. Хэт нимгэн эсвэл зузаан биш учраас урагдах эсвэл хэт хүнд оргих асуудалгүй.
  3. 20 минут хэрэглэсэн ч хангалттай сайн чийгшүүлдэг учраас дараа нь хүзүү болон биеийн бусад хэсэг дээрээ тавих ч боломжтой. Мөн дараа нь заавал угаах шаардлагагүй.

Миний хувьд хамгийн таалагддаг нь гранат болон зөгийн балтай маскууд юм. Гадуур 2500-4000 орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа болов уу. Гэхдээ яг зарж байгаа газар харагдаагүй. Миний хувьд сүүлийн хэдэн жил байнга хэрэглэж байсан болохоор Монголд ирээд ч гэсэн интернэтээр худалдаж авч хэрэглэж байна.

Лайм нь нүүрний арьсыг цайруулж, гэгээлэг болгодог.
3 давхар бүтэцтэй энэ маск нь арьсыг маш сайн чийгшүүлж өгдөг.

Зөгийн бал - Чийгшүүлэх
Бижа - Бактерийн эсрэг үйлчилгээтэй
Ногоон цай - Чийгшүүлэх, арьсыг залуужуулах
Гранат - Чангалах
гэх мэт 15 төрлөөс сонголт хийх боломжтой.


6. Maybelline The Blushed Nudes Блашед Нюдс Нүдний палетте

    Саяхан худалдаанд гарсан энэ нүдний палетте нь Urban Decay-н Naked 3 тай тун төстэй харагдаж байгаа боловч маш боломжийн үнэтэй, гаралтын хувьд ч онцын ялгаагүй гэж блоггерүүд дүгнэж байгаа бүтээгдэхүүн юм. Naked 3 нь 54 доллараар худалдаалагддаг бол, The Blushed Nudes нь 10 орчим доллараар л худалдаалагдаж эхлээд байна. 4 сард нээлтээ хийсэн тул удахгүй орж ирэх биз ээ. Хамгийн баруун дээд булангийн smoky pink өнгө гоё харагдахгүй байна гэж үү :)



7. Garnier Micellar Cleansing Water Гарниэр Нүүрний усан цэвэрлэгч 



    Хэрвээ та Bioderma-н нүүр цэвэрлэгчийн үнэнч фэн бол энэ бүтээгдэхүүн танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Өнгөгүй, үнэргүй, яг л ус мэт энэ цэвэрлэгч нь нүүрний бохирдлыг сайн цэвэрлэхээс гадна чийгшүүлж өгдөг. Цэвэрлэсний дараа нүүрээ угаасан мэт цэвэрхэн мэдрэмж төрдөг учраас дараа нь усаар зайлах шаардлагагүй. Хамгийн гол нь хэмжээ том боловч үнийн хувьд маш боломжийн. Номин агуулахаас 11000 орчим төгрөгөөр 400 мл хэмжээтэйг авсан. 


Асуух зүйл байвал коммент үлдээгээрэй :)

Энэ бүтээгдэхүүнүүд нь цэвэр миний сонголт бөгөөд бизнесийн ямар нэгэн ашиг сонирхол байхгүй болно. Хэт их гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас юуг нь яаж сонгохоо мэдэхгүй байгаа болон шинэ гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн талаар мэдэхийг хүссэн хүмүүстээ зориулж бичлээ. 

CG

2 comments:

Anonymous said...

Энэ maybelline-ны палеттэ-г авмаар санагдчихлаа. Бас garnier-г туршиж үзнээ. Ёстой гоё зөвлөгөө байна. Баярлалаа.

Би бас анх хараал авмаар санагдсан. Үнэтэй палеттуудыг бодвол зарим өнгийн гаралтууд нь арай бүдэг байж болох ч праймер хэрэглэвэл асуудалгүй байх. Garnier Micellar water Номинд зарж байгаа хэвээр байна лээ. :)